Роберт Рейдийг “Найрамдал” медалиар шагнав

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Роберт Рейдийг “Найрамдал” медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн, Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рейдийг “Найрамдал” медалиар шагнасныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүнийг ийнхүү шагнасан байна. 

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан“Мянганы сорилтын сан бол Монгол-АНУ-ын ард түмнүүдийн хоорондын харилцаа холбоог хөгжүүлж нягтруулахаас гадна хоёр орны ард түмнийг улам ойртуулсан амжилттай төсөл болсон. Мянганы сорилтынсангийн төслүүд нь дэд бүтэц, боловсрол, байгаль орчин гээд Монгол Улсын тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон төсөл болсон юм. Мянганы сорилтын санд ажиллаж байсан АНУ, Монголын иргэд бие биеэсээ их зүйл сурсан байх. Ийм төслүүд цааш цаашдаа мөн хэрэгжих байх. Энэ төслийг хэрэгжүүлэхэд амжилттай ажиллаж ирсэн Роберт Рейдэд дахин талархал илэрхийлж баяр хүргэе. Цаашдынх нь ажилд амжилт хүсье” гэлээ.

“Найрамдал” медалиар шагнуулсан ноён Роберт Рейд хэвлэлд товч ярилцлага өгөв.

-Энэхүү төслийн хүрээнд та бүхэн ямар зорилго, зорилтуудыг агуулж байв. Та бүхний зорилгодоо хүрэх замд тулгарч байсан бэрхшээлүүд юу байсан бэ?

-Энэхүү төслийг эхлүүлсэн 2007 он руу эргэн харъя. АНУ болон Монголын төрийн тэргүүнүүд АНУ-д, Цагаан ордонд гарын үсэг зурснаар төслийг эхлүүлсэн. Үүнээс хойш хоёр орны төрийн тэргүүнүүд хамтран Цагаан ордонд баримт бичигт гарын үсэг зураагүй билээ. Ингээд 2008 оны нэгдүгээр сараас эхлэн энэхүү гэрээний дагуу ажиллах завшаан надад тохиосон. Тухайн үед бидний зорилго, зорилтуудын талаар нийгэм олон нийт хангалттай мэдээллийг авсан байсан.

Мянганы сорилтын сангийн үндсэн зорилго нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад оршдог. Бид Монголын Засгийн газар болон ард иргэдийн оролцоотойгоор энэ зорилтод хүрэхийн төлөө ажилласаар ирлээ. Юуны түрүүнд би эрүүл мэндийн салбарт явуулсан төсөл хөтөлбөрийн талаар цухас дурдахыг хүсч байна.

Эрүүл мэндийн салбар дахь төслийг Монголын Засгийн газрын халдваргүй өвчин эмгэгийг бууруулах бодлого стратегийн хүрээнд явуулсан. Энэ нь зөвхөн улс орны хөгжлийн чухал зорилт төдийгүй уг төслийн үзэл баримтлалд нийцэж байсан. Энэхүү төслийг аймаг, сум бүрт явуулсан нь ямар далайцтай том төсөл болохыг харуулж байна. Үүний үр дүнд бид сүүлийн таван жилийн хугацаанд өндөр амжилтад хүрч чадсан. Олон арван судалгаа шинжилгээний ажил биднийг өндөр үр дүнд хүрч чадсаныг батална.

Бидний хүрсэн чухал амжилт бол тогтвортой байдал гэж хэлэх байна. Бид уг төсөлд зөвхөн Эрүүл мэндийн яам болон бусад төр засгийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлийн салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулж чадсан. Үүний ачаар хувийн салбарын боловсон хүчнүүд ч эрүүлжсэн гэж боддог.

Бидний төслийн өөр нэгэн үр шим мэргэжлийн боловсролын салбарт гарсныг дурдмаар байна. Бид энэ салбарыг эрс шинэчлэхэд Засгийн газарт чухал дэмжлэг үзүүлж чадсан гэдэгт итгэдэг. Ингэснээр мэргэжлийн боловсролын сургуулиуд сайжирч, ажил олгогчдын шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэх чадвартай болсон. Энэ бол үнэхээр том шилжилт байлаа.

Бид мэргэжлийн боловсролын сургуулиудыг техник, тоног төхөөрөмжөөр хангаж, бүр сүүлдээ байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн ажилтнаа мэргэжил дээшлүүлэхээр илгээдэг газар болгон хувираад байсан. Энэхүү төсөл нь үнэхээр олны нүдэнд харагдахаар бодит үр дүнг авчираад байгаа. Мэргэжлийн боловсролын сургуулиудын төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдаж, бүр зарим нь сургуулиа төгсөөгүй байж ажлын санал хүлээж авах нь энгийн үзэгдэл болоод байна.

Манай төсөл иргэдийн өмчлөх эрхийн асуудалд мөн анхаарлаа хандуулсан. Хөдөө орон нутаг болон хотын гэж ангилан өмчлөх эрхийн төслийг явуулсан. Энэхүү төсөл нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлэх учиртай. Уг төсөл нь малчид болон иргэдэд үр шимээ өгч, баялаг хуримтлуулахад нь тус болсон.

Бидний явуулсан эрчим хүч ба байгаль орчны төслийн явцад нийслэл хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан. Иргэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр олноор хэрэглэж, утаагүй зуухыг ашиглах болсон. Мөн авто замын төслийн дагуу Чойроос Сайншанд хүртэлх 176 км замыг дуусгах зорилготой ажиллаж байна. Улсын өмнөд хилийг умард хилтэй холбох энэхүү замын сүүлийн хэсэг болох дээрх төсөлд бид гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ зам ашиглалтад орсноор ард иргэдийн хувьд төдийгүй улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ.

Бид сүүлийн таван жилийн хугацаанд Монголын төр засгийн болон хувийн хэвшлийн салбартай нягт хамтран ажиллаж, халуун дотно харилцаа үүсгэж, анд нөхдийн түншлэл тогтоож чадсан. Энэ нь бидний сэтгэлд үүрд үлдэх үнэтэй дурсамж байх болно гэлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж