Хорио цээрийн дэглэмийг цуцалж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг цуцалж магадгүй

Нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч, мэргэжилтнүүд өнөөдөр боом өвчин гарсан голомт болох Хан-уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хороололд ажиллаж, өвчний үеийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилтай танилцлаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг Яармагийн товчооны цаана өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр “Үхэр үхсэн” дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Улмаар уг үхрийн чихийг дээж болгон авч шинжлүүлэхэд боом өвчнөөр үхсэн болох нь тогтоогдсон юм.

Үхрийн эзэн тодорхойгүй байсан болохоор малын чихэн дэх ээмгээр нь ХУД-ийн 14-р хороо, Өлзийтийн 25-371 тоотод амьдардаг П-гийн мал болохыг тогтоож, тухайн айлын орчимд хорио цээрийн бүс тогтоосон. Энэ хугацаанд иргэн П-ийн үхэр боомоор өвчилж үхээгүй мэтээр зарим хэвлэлээр мэдээлж байсан ч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр боом мөн болох нь батлагдсан байна. Боом нь малаас хүнд халдварладаг учраас өвчний голомтод байгаа гурван өрхийн 18 хүнийг байнгын үзлэгт хамруулж байгаа аж. Өвчний голомтод 19 айлын 266 мал байдаг бөгөөд хоёр үхэрт боомын шижиг илэрсэн ч бүрэн эмчилж чаджээ. Хорио цээрийн хугацаа энэ долоо хоногийн сүүлээр дуусах боловч хүн, малд нарийн шинжилгээ хийж байж хорио цээрийг татан буулгах эсэхийг шийдэх юм байна. Боом өвчний дээрх тохиолдол гарснаас хойшхи хугацаанд Хан-Уул дүүрэгт дөрвөн үхэр үхсэн ч тэдгээрийг халдварт бус өвчнөөр үхсэн болохыг нь тогтоожээ. 

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж