Сэлэнгэчүүд шинэ ногоогоор дайлахаа амлав

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүд шинэ ногоогоор дайлахаа амлав

Сэлэнгэ тариалангийн бүс нутаг гэхээсээ илүү үзэсгэлэнт байгаль, ажилсаг хөдөлмөрч хүмүүсээрээ бусад аймгаасаа илүү ялгаатай санагдлаа. Анх удаа очиж буй зочны өөч гооч нүдэнд торох бөртийх хог шороо ч харагдаагүйн дээр хүмүүс нь үнэхээр гар хөдөлбөл ам тосдохын амтыг мэдэрсэн байдаг юм билээ. Арангатын давааг уруудан Тужийн нарсан дундуур хурдлан давхих цувааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг явсан бөгөөд түүнийг дагалдан хэвлэлийн 20 гаруй сэтгүүлч сурвалжлагч, зураглаач нар Сэлэнгэ аймгийг зорьсон юм.

“Буудайн үнийг одоо зарлах боломжгүй “ гэв

Сэлэнгэ нутгийн тариаланч, ногоочид Ерөнхий сайдыг аймгийн төвөөс холгүйхэн  Арангатын даваан дээр дээр угтан уулзав. Энэ жилийн хувьд  Сэлэнгэчүүд 138 мянган га талбайд үр тариа, 21,7 мянган га талбайд тосны ургамал, 3603,7 га талбайд төмс тариалжээ. Улаанбуудайн тариалалт дуусч, төмс, хүнсний ногооныхон ч ажлаа аядсан гэдгийг хэлж байлаа. Харин зарим сумдад нарийн ногооны тариалалт өмнөхөөс ялимгүй буурсан гэнэ. Энэ жилийн хувьд хавар сунжирч, зун оройтож байгаа ч удахгүй тэнгэр хангай хур хишгээ хайрлана гэсэн итгэлээр зүтгэж байгаагаа тариаланчид өгүүлж байлаа. Ерөнхий сайдыг дагалдан ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал явсан бөгөөд албаны хүмүүст хамгийн түрүүн дуулгасан гомдол нь улаан буудайн үнэ ханш байлаа. Монголын газар тариалангийн холбооны тэргүүн н.Цандэлэг хэлэхдээ “Засгийн газар улаанбуудай худалдан авах үнээ өнөөг хүртэл зарлахгүй байгаа нь биднийг голын усны гүнийг мэдэхгүй үсэрсэнтэй адил хүнд байдалд оруулж байна. Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ ямар байгааг мээж байгаа хэр нь Монголдоо хэдээр өгөхөө мэдэхгүй сууна гэдэг муу хэрэг” байлаа. Одоогийн байдлаар тариаланчдыг нэгтгэдэг хочр холбооны зүгээс улаан буудайн үтрэм дээрх үнийг тонн тутамд 350 мянган төгрөг, хүргэлтийн хөлсөө  оруулбал элеваторт 380 мянган төгрөгөөс буулгах боломжгүй гэсэн саналыг ҮХААЯ-нд хүргүүлснийг яамны төрийн нарийн бичиг танилцуулж байлаа. Үнэ бага байх юм бол тариаланчдад олгодог улаан буудайн урамшуулал бодит тус болохгүй байгаагийн дээр тээвэрлэлтийг нарийвчлан шийдэхгүй бол үнэ ханшид улам л муугаар нөлөөлөх болно гэдгийг дуулгаж байлаа. Тариаланчдын буудай тээдэг гол унаа нь 20-30 тоннын даацтай “Хова” машин гэнэ. Гэтэл нийслэлд “Хова”-г хүнд даацын машинд тооцон явуулахгүй болсноос аль эртний үнэнч анд болсон “ЗИЛ-130” машинаар буудайгаа зөөхөд хүрдэг ажээ. Орос машин шатахууныг зүгээр л ууж байдгийн дээр “Хова”-ны нэг рейсийг “ЗИЛ-130” машинаар 2-3 удаа зөөхөд хүрдэг ажээ.  Үүнээс болж тээвэрлэлтийн зардал 50 хувиар нэмэгдэж байгаа тул буудайн үнийг буулгах аргагүйд хүрснээ ч тариаланчид хэлж байв. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутагт зуншлага оройтож, өглөө оройдоо хүйтэрч байгаа нь  буудайн болцонд нөлөөлөх үү гэсэн асуултад цаг агаар харьцангуй сэрүүн байгаа ч буудайн ургалтад нөлөөлөхгүй хэмээн хариулж байна.  Ерөнхий сайдын хувьд “Улаанбуудайг намар ямар үнээр авахаа одоо зарлах боломжгүй. Манай тариаланчид буудайг ургуулахын тулд нөр их хөдөлмөр зарж байгаа нь үнэн боловч үнийг тогтоохдоо аль болох ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй байхыг хичээж байгаа. Аливаа баялгаас нэг хэсэг нь илүү их ашиг хүртдэг бус  ард олон хямд өртгөөр амьдардаг байх ёстой.  Тийм болохоор одоо ямар нэгэн үнэ ханш ярихгүй” гэсэн эрс хатуухан хариултыг өглөө.  Газар бол төрийн өмч. Газрын үржил шим жилээс жилд муудсаар байгаа. Тиймээс  төр өөрийн өмч болсон газрынхаа үржил шим, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд хөрөнгө зарах ёстой гэсэн байр саналыг ч тариаланчид хэлж байлаа.

Ерөнхий сайдыг тариачидтай уулзах үеэр хөндсөн нэг асуудал нь Тариалан эрхлэлтийн сангийн санхүүжилт. Хэдийгээр уг санг тариачдыг дэмжих үүднээс байгуулсан ч сангийн хөрөнгөөр байшин барилга барьснаас эхлээд шалгах, тодруулах зүйл байгааг Н.Алтанхуяг сайд онцоллоо.

Хороо бүрт “Сэлэнгийн ногоон өдрүүд” болно

Байгалийн ааш аягийг дагалдан амьдардаг хүмүүс бол ногоочид ажээ. Тэдний хувьд хавар, зун, намрын саруудад цуцалтгүй хөдөлмөрлөдөг ч ургуулснаа худалдан борлуулахад хүндрэл учирдаг ажээ. Сүүлийн жилүүдэд хот суурин газраас ногооны ченжүүд ирээд ногоог нь хэт багаар үнэлж авдгийг хэлж байлаа. Улаанбаатарт нэг кг монгол төмс 1000 төгрөгт хүрсэн ч ченжүүд 250 төгрөгөөр худалдан авдаг гэнэ. Өнгөрсөн жилийн үерийн улмаас ногоочид их хэмжээний хохирол амссанаас болж зарим нэг нь энэ жил нарийн ногоо тариагүй гэдгийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга М.Баярсайхан хэлсэн юм. Ногоочдын хувьд тарьж ургуулсан ногоогоо борлуулна гэдэг хамгийн том бэрхшээл гэнэ. Ногоочдын энэ бэрхшээлийг ҮХААЯ-ныхан мэдэж байгаа ч хэрхэх гарцыг хараахан олоогүй, ирэх намраас ногоочдод урамшуулал олгох талаар ярилцаж байжээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн ногоочин Энхцэцэг гэх бүсгүй Ерөнхий сайда хандан “Бидэнд урамшуулал гэхээсээ илүү борлуулалтын дэмжлэг хэрэгтэй байна. Нийслэл хот 130 гаруй хороотой. Хороо бүрт ногоо борлуулах цэг байгуулаад, ногоогоо хямдаар нийслэлчүүдэд хүргэх боломж олговол их дэм болно. Захын цагдаа, мэргэжлийн хяналтынхан ирээд дээрэлхээд мөнгө нэхээд байхааргүй болгочихвол бид өөрсдөө хот ороод ногоогоо хямдаар зарж болно” хэмээн өгүүллээ. Үүнийг сонссон Ерөнхий сайд “Мэргэжлийн яам жирийн нэгэн ногоочноос дутуу сэтгэж байгаа нь харамсалтай. Энэ жилийн хувьд бид ногооны борлуулалтыг Энхцэцэгийн хэлснээр хороо бүрт цэг байгуулах замаар шийдээд үзье. Харин та бүхэн ногоогоо зах зээлийн үнээс хямдаар борлуулаарай” гэсэн юм. Тэгэхээр энэ жил нийслэлийн хороо бүрт “Сэлэнгийн ногоон өдрүүд” бий болох нь ээ. Түүнчлэн сарын дараа гэхэд Сэлэнгийн ногоочид шинэ ургацбн ногоог нийслэлд хүрэгэхээ амлалаа.

Орон нутгийн сэтгүүлчид онлайн уулзалт хийхийг хүсэв


Долоо хоног бүрийн пүрэв гаригт тогтмол болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Сэлэнгэ аймагт болсон юм. Уулзалтад Улаанбаатараас очсон телевиз, сонин, сайтын сэтгүүлчдээс гадна Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцсон юм. Төвөөс очсон сэтгүүлчид аймаг орон нутагтай холбоотой асуултыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатаас тодруулсан бол  Сэлэнгэ аймгийн "Миний Монгол" телевизийн сэтгүүлч Ерөнхий сайдаас орон нутгийн сэтгүүлчидтэй цахим хэлбэрээр уулзалт хийж, тэдний асуултад хариулж байхыг хүссэн юм.

Алтанбулагийн чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь ажиллуулж эхлэх цаг хугацааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны намар хэмээн тодорхойлов. БНХАУ-ын буцалтгүй тусламжаас чөлөөт бүсэд зориулах боломжтойг хэллээ. Түүнчлэн тус аймгийн нутагт нөхөн сэргээлт хийхээр зөвшөөрөл авсан ч алт ухсан хэд хэдэн компанийн асуудал хэрхэн шийдэгдсэнийг сэтгүүлчид сонирхож байлаа. Дээрх компаниудын хувьд өмнөх Засаг даргын үед зөвшөөрөл авсан бөгөөд хууль бусаар алт ухсан хэргээр шалгуулж байгаа юм байна.

Сэлэнгэд шинэ зах барьж байна

Сэлэнгэ аймаг брэнд бүтээгдэхүүн олонтой. Шаамарын зөгийн бал, хмелийн талх, утсан загас, буриад цөцгийн тос  гээд тус аймгийг зоригсод ганзага хоосон буцна гэж үгүй. Хаана ч байхгүй хмель гэх хөрөнгөө исгэсэн талх нь амт чанараараа төдийгүй хэмжээгээрээ ч “гадныхныг” алмайруулна. Нутгийн брэндээс харсан ч тариаланч, ногоочидынх нь ярианаас ч Сэлэнгийнхнийг ажилсаг ард түмэн гэж нэрлэхээс аргагүй. Харин энэ бүхний зарж борлуулах зах нь ерээд оны  Дэнжийн мянгыг сангадуулна. Ил задгай  хувцас  голдуу барааг дэлгэн худалдахын дээр дотор зах нь  давчуу, харанхуй. Тиймээс энэ жил тус аймагт 4200 ам метр талбай бүхий худалдаа үйлчилгээний төвийг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулж эхэлжээ. Нийтдээ 2,9 тэрбум төгрөг зарцуулан барьж буй шинэ худалдааны төвийн барилгыг ирэх намар гэхэд ашиглалтад өгөх үүргийг Ерөнхий сайд өглөө. Тэрбээр ерээд оны эхээр ганзгын наймаа хийдэг байсан үеэ дурсаад халуун, хүйтэнд гадаа гандаж,  хөдөө хөхөрдөг байдлыг халах цаг ирсэн гэдгийг хэлж байлаа. Орчин үеийн дулаан, саруул худалдааны төвийг Баянхонгор аймагт хувийн хөрөнгөөр, Завханд төр, хувийн хэвшил хамтран байгуулжээ. Хойшид аймаг бүрт ийм захтай болгохоор зорьж байгаа гэнэ. Энэ жил зургаан аймаг шинэ захтай болно.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод баригдаж буй авто вокзал, тээврийн оношилгооны төвийн барилгыг Ерөнхий сайд үнхэлцэгтэй зүйрлэв. Уг нь автовокзал гэдэг уудам өргөн талбайтай, ядаж л хүлээлгийн танхимтай баймаар. Гэтэл уг барилгын өрөө тасалгаа хэт жижиг баригдаж байгаад захиалагчдыг буруутгаж байва. Түүнчлэн он дамжсан тендер бүрт тулгардаг инфляци, үнийн өсөлтийн зөрүүг шийдэж өгөхийг гүйцэтгэгч компани дуулгахад Ерөнхий сайд “Ийм асуудлыг тендер авахаасаа өмнө шийдэж сурмаар байна. Та бүхэн тендерт орохдоо бүх л нөхцөл байдлыг ойлгож орсон баймаар. Гэтэл бусдаасаа давуу байдлаар тендерт ялсан компаниуд сүүлд нь энэ мэт асуудал үүсгээд байх нь зохимжгүй. Хойшид тендерийг он дамжуулан гүйцэтгэх байдлыг ч хална” гэсэн хариуг өглөө. 

Хөдөө орон нутагт ая тухтай амьдрах нөхулийг бүрдүүлж гэмээнэ Улаанбаатар,  Дархан, Эрдэнэт хотын хэт төвлөрлийг сааруулна. Тиймээс  Сэлэнгийн Сүхбаатар сумын Баянхааны дөрөвдүгээр багт 112 айлын орон сууц барьж эхэлжээ.  ВИДҮ компанийн хөрөнгө оруулалтаар босч байгаа долоон давхар орон сууцны барилга усралтын ажлын гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сараар түрүүлж яваа бөгөөд ирэх  есдүгээр сард ашиглалтад орно гэж тус компанийн захирал Ц.Болд танилцууллаа. Энэ барилгыг зөвхөн Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн барилгын материалаар барьж байгаагаараа онцлог. Хөтөлийн цемент, Сэлэнгэ Оюу компанийн хөнгөн блок, Зүүнхараагийн тоосго, Сүхбаатар суманд үйлдвэрлэсэн вакум цонх гээд барилгын материалын үйлдвэрлэл Сэлэнгэд эрчимтэй хөгжиж эхэлжээ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж