Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Нарны зай өрсөлдөөн

                      Фото: Sheng Li / Reuters
Нарны зайн үйлдвэрлэлийн Европын холбооны бүхэл бүтэн салбар Хятадын хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүйн улмаас хаагдахад тулаад байна. Үйлдвэрлэлээ аврахын тулд Брюссель Хятадын үйлдвэрлэлийн хямд гелиотехникийн импортод торгуулийн татвар тогтоохоор шийджээ. 2013 оны зургаадугаар сарын 6-наас эхлэн хоёр сарын хугацаанд Хятадын нарны эрчим хүчний бүтээгдэхүүнд 11,8 хувийн гаалийн татвар тогтоох тухай Худалдааны Еврокомиссар Карел де Гюхт өнгөрөгч долоо хоногт зарласан байна. Хэрэв Европын холбооны Хятадтай явуулах яриа хэлцэл харилцан тохиролцоонд хүрэхгүй бол ирэх наймдугаар сарын 6-наас антидемпингийн татварын хэмжээг дунджаар 47,8 хувь болгох аж.

Хариуд нь Бээжин ийм арга хэмжээг нарны зайны түүхий эд нийлүүлдэг европын компаниудын эсрэг авна гэснээ тактикаа өөрчлөн дарс үйлдвэрлэгчдийн эсрэг хариу өгөхөөр болов.

Нарны гэрлээс цахилгаан үйлдвэрлэх нарны зай анхлан ХХ зууны дундуур гарч иржээ. Цөөн тооны хүмүүс л нарны эрчим хүчээр бүтэн тосгон, үйлдвэрийн цогцолборыг хангаж болно гэж ярьж байлаа. Тэр цагт нарны эрчим хүчний нэг ваттын үйлдвэрлэлийн зардал тэр үед 100 ам.доллар байсан бол одоо 100 дахин бага болоод байна.

Сүүлийн 60 жилийн дотор сэргээгдэх эрчим хүч асар том үсрэлт хийлээ. Гэлээ ч түүнд олон дутагдал байгаа. Хамгийн гол дутагдал нь нефть, хий, нүүрс болон атомын эрчим хүчтэй харьцуулахад харьцангуй өндөр үнэтэй байна. Гэсэн хэдий ч “ухамсартай” Засгийн газрууд экологийн эрчим хүчийг дээдлэн үзэж, ойрын ирээдүйд нефть, хий, нүүрсний эрчим хүч шиг хямд бөгөөд хангалттай болно гэж найдаж байна.

IHS компанийн дүгнэлтээр дэлхийн нарны эрчим хүч 2013 онд 35 гигаваттад хүрэн өмнөх оны нийт хэмжээнээс 12 хувиар нэмэгдэх ажээ. Нэг гигаватт бол Америкийн 800 мянган байрыг цахилгаанаар хангах чадвартай. Харьцуулбал атомын нэг цахилгаан станц дундажаар хоёр гигаватт болдог. Оросын бүх 10 АЦС-ын хүчин чадал нь 23,6  гигаваттаас арай илүү. Хятад гэхэд 2018 онд 30 атомын блок байгуулаад цөмийн эрчим хүчнийхээ нийт хүчин чадлыг 12,5-45 гагаватт болгох гэж байна.

Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой төслүүдийн хөрөнгө оруулалт нь 2012 онд 190 тэрбум ам.доллар болсон байна. Bloomberg New Energy Finance шинэчлэн дүгнэснээр, 2030 онд нийт хөрөнгө оруулалт нь 630 тэрбум болох бөгөөд дэлхийн зах зээл дэх бүх цахилгааны тал хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлнэ. Нарны эрчим хүчний өөрийн өртөг эрчимтэй буурч байгаа мөн зах зээлд өндөр хөгжилтэй орнуудынхаас хямд зай үйлдвэрлэх Хятад гарч ирснээс тэр бууралт үүсчээ. Европт Хятадын демпинг үл таалагдав. Учир нь Европын холбоо дотор нарны зайн үйлдвэрлэлийг бий болгох гэсэн хүчин чармайлтыг нь Хятад үгүй болгож байгаа юм.

Хятадын үйлдвэрлэгчдийн эсрэг демпингийн эсрэг мөрдөн байцаалтаа Европын холбоо 2012 онд эхлүүлжээ. Германы SolarWorld толгойлсон Европын 25 компани  уг шалгалтыг өдөөж өгсөн байна. SolarWorld өмнө нь ийм гомдлыг Америкт гаргаад тэнд хятад бүтээгдэхүүнд нь татвар нэмүүлж чадсан байжээ. Германчууд өөрийн өртөгөөс нь бага үнээр нарны зайг худалдлаа гэж хятад үйлдвэрлэгч нарыг буруутгасан байна.

Энэ агшинд Европын холбоо нь 51 гигаваттын тогтоодсон хүчин чадалтай нарны эрчим хүчний томоохон зах зээл болон хувираад байгаа.

Хятадууд Брюсселийн төлөвлөгөөг ашиглан ирээдүйтэй зах зээлийг эзлэхээр шийдсэн байна. Хятадын компаниуд арав хүрэхгүй жилийн дотор том амжилт олон нарны зайн Европын зах зээлийн 80 хувийг эзэлсэн байна. 2011 онд хятадууд Европын компаниудад 21 тэрбум евроны нарны зайг худалджээ. Тэр нь Европт гаргасан хятад барааны экспортын долоон хувийг эзэлжээ. 2008-2012 онуудад  нарны зайн үйлдвэрлэл арав дахин нэмэгджээ. Тэр нь нэг ваттын төхөөрөмжийн үнийг дөрөвөөс нэг ам.доллар хүртэл унагасан байна. Шалгалтыг явуулах санаачлага гаргач компаниудын ProSun эвслийнхэн хятадуудад хямд зээл ийм амжилт авчирсан гэж үзэв. Хятадын үйлдвэрлэгч нар 2010-2012 онуудад  33 тэрбум евроны татаас авсан гэж ProSun эвслийн тэргүүн бөгөөд SolarWorld компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Милан Ницшке (Milan Nitzschke) хэлж байна.

Хятадын демпингийн эсрэг мөрдөн байцаалтыг эсэргүүцэгсэд зөвхөн Хятад өөрөө биш бас Европын холбоонд гарч иржээ. Угсрагчдад өртгийн уналт нь мэдээж ашигтай.  Нарны хямд эрчим хүчний төлөө байгаа эвслийнхэн (The Alliance for Affordable Solar Energy) хятадын нарны зайд 60 хувь хүртэл татвар тогтоох нь гурван жилийн дотор Европын холбоонд 250 мянган ажлын байрыг үгүй болгоно гэж тооцоо хийсэн байна.

Хэрэв Европын холбооны Хятадтай явуулах яриа хэлцэл харилцан тохиролцоонд хүрэхгүй бол ирэх наймдугаар сарын 6-наас антидемпингийн татварын хэмжээг дунджаар 47,8 хувь болгох аж.

Хятад эхнээсээ европчуудын бүх санаархлын эсэрг байгаа. Өнгөрсөн жилийн намар нарны зайны үндсэн түүхий эд болох цахиурын талстыг нийлүүлдэг Европын компаниудын гаалийн татварыг нэмнэ гэсэн байна. Хагас жилийн дараа тэдний тактик өөрчлөгдөн энэ зургадугаар сарын 5-нд Европын дарс үйлдвэрлэгч нарын демпингийн шалгалтыг эхлүүлнэ гэжээ. Хятад ба Европын холбооны хоорондын худалдааны дайн нилээдгүй бодит болж байна. Өмнө нь тэд хэдэн арван тэрбумын эргэлттэй салбаруудын талаар ийм маргааныг өрнүүлж байгаагүй юм.

Де Гюхт түр зуурын татварыг хагас жилийн хугацаанд л автономоор барьж чадна. Түүнийгээ үргэлжлүүлэхийн тулд Европын холбооны гишүүдийн дэмжлэгийг авах ёстой. Үүнийг хийхэд амаргүй. Учир нь Бээжин хаана шахалт үзүүлэхээ мэднэ. Тэд Европын холбооны үндэсний Засгийн газруудын хэмжээнд ажиллан лоббидож байна.

Европчуудын хувьд хямд нарны зайндаа ч биш зах зээлд нь ноёрхож байгаа бусад хятад бүтээгдэхүүнтэй тэмцэх зарчмын асуудал нь энэ юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж