Нийслэлд төв цэвэрлэх байгууламж байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Нийслэлд төв цэвэрлэх байгууламж байгуулна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргааныхан оролцсон өргөтгөсөн бүрэлдэхүүнээр Туул, Тэрэлжийн бэлчирт өчигдөр хуралдаж “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хуралдаанаар нийслэлийн ундны усны чанарыг хэрхэн сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг яаралтай барьж байгуулах шаардлагатай байгаа зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаа дийлэхээ больсон

Одоогоор Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлээс ирж буй ахуйн болон урьдчилсан цэвэрлэгээ хийгдсэн үйлдвэрийн бохир усыг хүлээн авч механик болон биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 1964 онд хоногт 45000м3 бохир усыг механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977, 1979, 1986 онд л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ. 

Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160000м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна. Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа, тиймээс хугацаа алдалгүй шинэ Төв цэвэрлэх байгууламжийг байгуулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа.

2016 онд шинэ ус цэвэршүүлэх байгууламжтай болно

“Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинэчлэх бус шинээр барих шаардлагатай. Хэд хэдэн улсаас “Цэвэрлэх байгууламж” барих санал ирсэн байгаа. Тиймээс ойрын хугацаанд судалж үзээд энэ асуудлыг шийдвэрлэж, ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нийслэлийг ундны усаар хангадаг Туул гол бохирдох аюултай. Мөн орчин тойрноо бохирдуулсан, муухай үнэр гаргадаг цэвэрлэх байгууламжтай байж болохгүй” гэдгийг гэж Ус сувгийн газрын дарга С.Үнэн хэлсэн юм.

Нийслэлийн удирдлагууд уг асуудлыг бүрэн дэмжиж, богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх улстай хамтран ажиллах, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн яаманд санал тавихаар болжээ. Тиймээс ойрын хугацаанд Төв цэвэрлэх байгууламж байгуулах төслийг боловсруулж, ажлаа эхлүүлбэл 2016 онд шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болно гэдгийг албаныхан онцоллоо.


Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж