&#34Энэ удаа бид илүү том зорилго тавьж байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

&#34Энэ удаа бид илүү том зорилго тавьж байна&#34

Монголын Оюутны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

-МОСХ-ноос “Казань-2013” универсиад наадамд оролцох монголын багийн бүрэлдхүүнийг саяхан зарлалаа…

-Тийм ээ, чөлөөт бөхийн спорт нь Зуны оюутны универсиад наадмын үндсэн  төрлүүдэд  багтдаггүй болохоор зохиож байгаа орны үзэмжээр болдог, энэ удаагийн наадам бөхийн эх орон ОХУ-д зохиогдож чөлөөт бөхийн спорт хөтөлбөрт нь багтсанд бид их баяртай байна. Идэр залуу, ид барилдаж байгаа үедээ Универсиад наадам зодоглоно гэдэг нэр төрийн хэрэг, амжилт гаргах их сайхан боломж гэдгийг манай залуу бөхчүүд сайтар ухаарч байгаа гэдэгт итгэж байна.

Чөлөөт бөхийн спорт хамгийн сүүлд 2005 онд Турк улсын Измир хотод болсон универсиад наадмын хөтөлбөрт орж тэр наадмаас 55 кг-ийн жинд Гавьяат тамирчин Б.Наранбаатар алтан медаль хүртэж байсан. Тэр наадмын хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн төрөл анх багтаж манайхаас 6 бөх барилдсанаас 4 нь шагналт байранд шалгарч байсан.

Харин энэ удаа бол бид илүү том зорилго тавьж байна, эрэгтэй 120 кг-аас бусад жинд өнөө цагийн манай шилдэг бөхчүүд зодоглоно. Универсиад наадам хугацааны хувьд манай наадамтай давхцаж байгаа болохоор хүнд жингийн бөхчүүд Үндэсний баяр наадамдаа барилдахыг илүүд үзэж байх шиг байна.

-Бөхчүүдээ хэрхэн сонгов?

-Бид бөхчүүдээ Оюутны спортын наадам, “Mongolia Open 2013” олон улсын тэмцээн тэрчлэн насанд хүрэгчдийн УАШТ-нд үзүүлсэн амжилтуудыг нь харгалзан сонгосон. Миний хувьд 2004 оноос оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Намайг оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа багаа удирдаж оролцуулсан, хоёр дахь удаагаа универсиад наадамд оролцох гэж байгаа тул  туршлагатай дасгалжуулагч гэх байх, гэхдээ энэ бүхэн надад улам их хариуцлага ногдуулж байгааг ойлгож байна.

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийж байна?

-ОХУ-ын Красноярск хотод хамтарсан бэлтгэл хийсэн эрэгтэй бөхчүүд маань өнөө маргаашгүй ирэхээр хамтдаа хүүхдийн олон улсын “Найрамдал” төвд бэлтгэлд гарна. Эмэгтэй бөхчүүд одоогийн байдлаар нийслэлдээ биеийн ерөнхий хөгжлийн болон суурь бэлтгэл хийж байна.

-Бусад орны бөхчүүдийг судалж байна уу?

-"Универсиад" наадам гэдэг том чухал тэмцээн, ийм болохоор улс орон бүр л медаль авахын төлөө хамгийн шилдэг тамирчдаа сойж байна. Бид ч мөн ялгаагүй, оросоос шилдэг бүрэлдэхүүн оролцох нь мэдээж хэрэг, цаана нь бөхийн спортын тэргүүлэх орнууд болох АНУ, БНХАУ, Иран, Турк, Украин, Швед, Япон гээд орнуудаас өндөр ур чадвартай, медаль авна гэсэн зорилготой бөхчүүд ирнэ, тийм болохоор өрсөлдөөн хурц байна, манайд бөхчүүд ч гэсэн хэнээс дутахгүй, тэдэнтэй ана мана үзэлцэнэ гэж бодож байна.

Та бүхэнд өндөр амжилт хүсье.

Чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй

 55 кг               Содномдашийн Батболд /ҮБТДС /

60 кг               Батсайханы Нэмэхбаяр /ҮБТДС/

66 кг               Ганзоригийн Мандахнаран /ҮБТДС/

74 кг               Доржваанчигийн Гомбодорж /ҮБТДС/

84 кг               Пүрэвийн Өсөхбаатар /ҮБТДС/

96 кг               Доржхандын Хүдэрбулга /МУБИС-ийн БТДС/

Эмэгтэй

48 кг               Эрдэнэсүхийн Нарангэрэл /Хууль сахиулахын их сургууль/

51 кг               Эрдэнэчимэгийн Сумьяа /”Аврага” БТДС/

55 кг               Пүрэвдоржийн Орхон /ШУТИС/

59 кг         Тунгалагийн Мөнхтуяа /”Аварга” БТДС/

63 кг               Соронзонболдын Батцэцэг /ШУТИС/

67 кг               Очирбатын Насанбурмаа /ҮБТДС/

72 кг               Энхбаярын Цэвэгмид /ҮБТДС/

 Дасгалжуулагчид

 Цэрэнбаатарын Цогтбаяр /Үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

Буяндэлгэрийн Батбаяр /Үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

Цэрэндалайн Баярсайхан /Оюутны шигшээ багийн дасгалжуулагч/

Шүүгч

Цэрэндагвын Сэрээтэр        Олон улсын шүүгч

Жич:
Оюутны зуны Универсиад наадмын хөтөлбөрт эрэгтэй чөлөөт бөхийн төрөл 1973 /ОХУ-ын Москва хот/, 1977 /Болгар улсын Софи хот/, 1981 /Румын улсын Бухарест хот/, 2005 /Турк улсын Измир/ онуудад багтаж байжээ. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл анх удаа 2005 онд Турк улсын Измир хотод болсон универсиад наадмын хөтөлбөрт орж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж