“Универсиад” наадам ойртсоор…

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

“Универсиад” наадам ойртсоор…

Дэлхий дахинаа бага олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн оюутны “Универсиад” наадам эхлэхэд 16 хоногийн хугацаа үлджээ. Ирэх сарын 6-наас эхэлж 12 хоногийн турш ОХУ-ын Казань хотод үргэлжлэх уг наадамд болох таван тивийн 200 орчим их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг

13500 орчим оюутан тамирчин спортын 22 төрөлд, 351 багц медалийн төлөө өрсөлдөнө. “ОХУ-ын спортын нийслэл хот” гэгдэх болсон тус хотыг зорих манай баг тамирчдын эхний ээлж ирэх сарын 4-нд эх орноосоо мордох юм. Харин тамирчдыг үдэн гаргах ёслол энэ сарын 29-нд болох ажээ. Манай улсын хувьд энэ удаагийн наадамд спортын 15 төрөлд 202 тамирчнаа илгээж байна. Энэ нь түүхэндээ анх удаа ийм олон төрлөөр оролцож байгаа тохиолдол болов. Манай улсын хувьд 1965 оноос уг наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Монголын багийн бүрэлдэхүүнд Лондоны олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, хүрэл медальт С.Батцэцэг, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт О.Насанбурмаа, хүрэл медальт Т.Мөнхтуяа, Гуанжоугийн Азийн наадмын аварга Г.Мандахнаран, залуучуудын анхдугаар олимпийн аварга Г.Эрдэнэболд тэргүүтэй шилдгүүд багтжээ.

Монголын оюутан тамирчид тус наадамд оролцсон цагаас хойш зургаан алт, долоон мөнгө, зургаан хүрэл, нийт 19 медаль хүртсэн түүхтэй. Тодруулбал, 1973 онд Москвагаас гавьяат тамирчин Ц.Нацагдорж, 1977 онд Софигоос хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин З.Дүвчин, Испанийн Пальма де Мальорка хотоос гавьяат тамирчин Х.Болдбаатар, 2005 онд Измирээс гавьяат тамирчин Б.Наранбаатар, 2007 онд Тайландын Бангкок хотоос гавьяат тамирчин М.Бундмаа нар алтан медаль хүртэв. Хамгийн сүүлд Монголын тамирчдаас жүдо бөхийн төрлөөр л медаль зүүгээд байгаа юм. Тодруулбал, Сербийн Белградаас олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар мөнгө, гавьяат тамирчин С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн. Харин Шинжинийн наадмаас жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Чинбат, шатрын их мастер Б.Мөнгөнтуул, буудлагын олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа, мөн буудлагын эрэгтэй баг тус тус мөнгөн медаль авч байв.

Ц.Баярсайхан: Бидний зорилго их том


Энэ жилийн наадамд чөлөөтийнхөн нэлээд том зорилт тавьжээ. Тэд 2005 оноос хойш нэг ч медаль аваагүй юм. Тиймээс хойд хөршийн дэвжээ ээлтэй байна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Энэ талаар шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

-Казань хотыг зорих бүрэлдэхүүнээ зарлажээ. Тамирчдаа хэрхэн сонгов?

-Оюутны спортын наадам, “Mongolia Open 2013”, мөн насанд хүрэгчдийн улсын аваргад үзүүлсэн амжилтуудыг нь харгалзан сонгосон. Миний хувьд 2004 оноос оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Би оюутны дэлхийн аваргад дөрөв, “Универсиад”-д хоёр дахь удаагаа багаа удирдаж оролцохоор боллоо.

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийж байна вэ?

-Тамирчид ОХУ-ын Красноярск хотод хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Хэдхэн хоногийн дараа олон улсын “Найрамдал” төвд нэгдсэн цугларалтад гарна. Эмэгтэй бөхчүүд одоогийн байдлаар нийслэлдээ биеийн ерөнхий хөгжлийн болон суурь бэлтгэл хийж байгаа.

-Бусад орны бөхчүүдийг судалж байна уу?

-“Универсиад” наадам бол чухал тэмцээн. Тийм болохоор улс орон бүр л медаль авахын төлөө хамгийн шилдэг тамирчдаа сойдог. Бид ч мөн ялгаагүй. Миний бодлоор ОХУ, АНУ, БНХАУ, Иран, Турк, Украин, Швед, Япон, Энэтхэг зэрэг орны тамирчид хамгийн гол өрсөлдөгч байх нь ойлгомжтой. Бид ч гэсэн тэднээс дутахгүй. Ялангуяа манай эмэгтэй бүрэлдэхүүн бол нэлээд сайн гэж бодож байгаа. Эрэгтэйчүүд 2-3 медаль авах боломжтой гэж үзэж байна. Ер нь бидний зорилго том шүү.

Казань хотын тухай

ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотыг тус орны ерөнхийлөгч Владемир Путин “Казань бол Оросын спортын хот” хэмээн тунхаглажээ. Арга ч үгүй биз. Сүүлийн хэдэн жилд спорт маш өндөр төвшинд хөгжиж  байгаа юм. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккей, волейбол зэргээрээ Оросын лигт тогтмол өндөр амжилт үзүүлж байна. Казань хотын нийт хүн амын 60 орчим хувь нь спортоор хичээллэдэг гэсэн тоон судалгааг гаргажээ. Бага дэлхийн аварга хэмээн нэрлэгдэх оюутны “Универсиад” наадмыг хүлээн авахын тулд тэд 10 орчим цэнгэлдэх хүрээлэн шинээр байгуулсан байна. Мөн үзэсгэлэнт байгалиараа алдартай хот юм. Тус хотод ойрын жилүүдэд болох томоохон тэмцээнээс дурдвал 2015 оны усан спортын төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Казань хүлээн авна. Мөн 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн болон хагас шигшээ тоглолт “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд болох юм. “Универсиад”-ын үеэр Казаньд цаг агаар дунджаар 26 градус орчим дулаан байна гэсэн урьдчилсан мэдээг тус хотын цаг уурчид гаргасан байна.
 

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж