Зуншлага тааруу байна

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Зуншлага тааруу байна

Ус цаг уурын хүрээлэнгээс энэ зуныг олон жилийн дундажтой ойролцоо байгаа хэмээн мэлзээд байгаа хэдий ч хур бороо, салхи шуурга элбэгтэй, жиндүү сэрүүн зун болж байна. Үйлдвэр худпалдааны яамнаас мэдээлж байгаачлан Монгол орны нийт газар нутгийн 50 хувьд зуншлага сайхан байгаа бол үлдсэн хэсэгт тийм ч сайхангүй байгаа ажээ. Одоогийн байдлаар Өмнөговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим нутгаар зуншлага оройтосныг ҮХААЯ-наас зохион байгуулсан хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо. Хэвлэлийн хуралд тус яамны  Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга Ц.Рэнчинсэнгээ, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, Мал эмнэлэг үржлийн газрын дарга М.Галбадрах, Мал хамгаалах сангийн дэд захирал Ц.Болорчулуун нар оролцсон юм.  Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар бороо хур орж, зуншлага сайжрах магадлалтай байгаа гэнэ. Улсбн хэмжээнд нийт 14.8 сая төл хүлээн авч 14.6 саяыг өсгөж буй ажээ. Энэ нь гарсан төлийн 98.8 хувь нь бойжиж буй үзүүлэлт юм. 

Өнөөдрийн байдлаар Алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд гол, Хангайн нурууны өврийн Таац , Хар бут, Чигэртэй, Булган голууд үерлэснийг анхаарууллаа. Дээрх голын сав газраар нутаглан, суурьшиж буй малчид, түүгээр зорчих хүмүүс үер усны аюулаас болгоомжлохыг мөн сануулав. Цаашид энэ сарын 26, 29-нд нутгийн зүүн хагаст, 27,28-нд нутгийн  хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох ажээ. Салхи 26,27-нд зарим газраар, 28,29-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм байна. Энэ хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх ажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж