Өсгөсөн хүү шиг тань зүтгэх болно

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Өсгөсөн хүү шиг тань зүтгэх болно

Сонгуулийн Ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж 50.23 хувийн саналаар улиран сонгогдлоо. Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуульд ялалт байгуулж, ирэх дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах болсон баярыг өнөөдөр ард түмэн, намын нөхөд, хамтран зүтгэгчид, соёл, урлаг, спортын  алдартнууд хамтдаа Сүхбаатарын талбайд тэмдэглэлээ. Ардчиллыг дэмжигч 1500 гаруй гишүүн, дэмжигч иргэд өнөөдөр нийслэл хотын төвд талбайд цугларч, бие биендээ баярын мэнд хүргэж, ардчилсан Ерөнхийлөгчийн “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” уриаг хэлж, “Хонхны дуу”-г хамтран дуулж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид улиран сонгогдож байгаа Ц.Элбэгдоржид баяр хүргэж, ард түмэнтэйгээ ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсон энэхүү баярыг хуваалцахаар рок, попын акулууд болох “Харанга”, “Хурд”, “Никитон” хамтлагууд уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьж, хамтдаа дуулж, бүжиглэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин, ялалт байгуулсан Ц.Элбэгдорж Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд сонгогч, дэмжигч, ард иргэддээ хандан талархал илэрхийлэн үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Ард түмэндээ баярлалаа. Ээж минь, аав минь болсон ард түмэндээ баярлалаа. Өвөг дээдэстээ баярлалаа. Хөх мөнгөн тэнгэр, Эзэн Чингисдээ баярлалаа. Өнөөдөр 2.9 сая Чингис Монголын тал нутагт сэрж байна. Бид ард түмэн та бүхнийхээ төлөө, Монгол Улс таныхаа төлөө, өсгөсөн хүү шиг тань үнэнчээр зүтгэнэ. Би ард иргэддээ эрх чөлөө аз жаргалыг эдлүүлэхийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийг улам эрчимжүүлэхийн төлөө, их бүтээн байгуулалтын төлөө зүтгэх болно. Ардчиллын буянаар, ард түмний буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд дэлхийн нүдийг нээсэн, чихийг дэлдийлгэсэн сайхан сонгууль боллоо. Ард түмний буянаар алдартай аварга, анх удаагаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Энэ бол Ардчиллын буян. Энэ бол ард түмний минь буян. Надтай өрсөлдөж, нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нартай би хамтран ажиллах болно. Намайг дэмжиж ажилласан, ард түмэн та бүхнийхээ итгэлийг авч, миний өрсөлдөгчийг дэмжсэн сонгогчдын итгэлийг хүлээж, тэр итгэлийг авахын төлөө улам шургуу ажиллах болно. Та бүхнийхээ итгэлийг даана. Үнэхээр өнөөдөр сайхан өдөр байна. Би Монгол Улсын нэр хүндийг олон улсад сайнаар авч явахын төлөө зүтгэнэ. Би Монголын ард түмний хүсэл мөрөөдөл сайн сайхны төлөө зүтгэх болно. Ард түмний минь хийморь сүлд ажил үйлс нь үргэлж өөдрөг байх болтугай. Миний Монгол мандтугай, Монгол түмний минь эрх чөлөө, тусгаар тогтнол мандтугай.  Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

Ардчилсан Ерөнхийлөгчид баяр хүргэхээр УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монгол Улсын Даян аварга А.Сүхбат, олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Quiza зэрэг соёл, урлаг спортын алдартнууд ирсэн байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголын ард түмэндээ дахин Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон баярын мэнд хүргэе. Та бүхэн олон зүйлийг өөрчлөхийн төлөө, амьдралаа сайжруулахын төлөө энэ түүхэн сонголтыг хийж чадлаа. Одоо УИХ, Шинэчлэлийн Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч бид эрч хүчтэйгээр хамтран ажиллаж, томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийх л үлдлээ. Энэ ажлыг бид нэр төртэй хийж чадна гэдгээ батлан илэрхийлье. Монголчууд бид Их бүтээн байгуулалтын төлөө, өөрсдийн ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө, хээл хахууль, авлига, хүнд суртлыг устгахын төлөө тогтвортой Төр, засагтай байж монголдоо сайхан амьдрах тэр сонголтыг хийж чадлаа” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Сонгуулийн үеэр нийслэлийн иргэдтэй уулзаж явахад манай нийслэлчүүд Ерөнхийлөгчийн шинэ Улаанбаатарыг цогцлоох, олимпийг Улаанбаатартаа хийх зэрэг олон зорилгыг дэмжиж байсан. Манай нийслэлчүүд тасархай байсан шүү. Үнэхээр нийслэлээ тасархай хот болгоноо. Бид 2016 онд шинэ нисэх онгоцны буудал, 2020 онд метрогоо, манай гэр хорооллын иргэд хотын төвийн гудамж шиг тийм сайхан тохилог орчинд амьдрах болно. Энэ бүхнийг биелүүлэхийн төлөө бүдээрээ бүтээцгээе, хөдөлмөрлөцгөөе” гэж уриаллаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Бид хамтдаа Монгол орноо цэцэглүүлэн хөгжүүлж чадна. Сонгууль дууссан одоо ажлаа хийх цаг ирлээ.  Өнөөдөр УИХ-ын чуулган болон байнгын хороод хуралдана. Дөрөв хоногийн өмнө Ерөнийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн дүнгээс үл хамааран сонгуулийн маргаашийн өдөр ажлаа хийнэ гэж хэлж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа хийгээд сууж байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм.

МАЧХ-ны тэргүүн Г.Баасан “Бид одоогоос 24 жилийн өмнө ардчилсан нийгэмтэй болох гэж анхнаасаа шав тавьсан хүмүүс. 24 жилийн дараа Ардчилсан намын гишүүд төрийн гурван өндөрлөгөөр сонгогдон ажиллаж байгаад талархаж байна. Энэ өдрөөс эхлээд Монгол хүнийг эрхийг зөрчих, авлига, хууль бус бүхнийг халахын төлөө бид хамтран ажиллах болно. Хэрэв энэ бүхнийг хийхгүй бол бид шаардана. Ер нь монголчууд бидэнд ардчиллыг тордож амьдрах цаг ирж байна. Бүх монголчууддаа аз жаргалыг хүсч байна” гэж хэлсэн юм.

Ийнхүү талархлын уулзалт, баярын төгсгөлд төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг, спортын алдартнууд хамтран “Төрийн дуулал”-аа дуулж, ирэх дөрвөн жилд ард иргэдийнхээ сайн сайхан бүхний төлөө эрч хүчтэйгээр ажиллахаа илэрхийллээ.

Д.ЖАРГАЛ








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж