Хуучирсан мэдээ: 2013.06.30-нд нийтлэгдсэн

Фернандо Торрес бол Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн түүх, домог болсон тоглогч. 2008 оны зургадугаар сарын 29-нд Австрийн Вена хотын цэнгэлдэхэд хийсэн түүний гоол Испанийн шигшээ багийг 44 жилийн хар дарсан зүүднээс нь сэрээсэн юм. Гэвч “Алтан жаал”-ын Испанийн шигшээ багийн хувцастай финалд түүх домгийг бүтээж эхэлсэн нь аль эртнээс улбаатай.

Торрес 2000 оны тавдугаар сарын 5-нд Бельгийн багийн эсрэг Испанийн шигшээ багийн хувцсыг анх өмсчээ. Энэ өдөр мөн Иньеста La Roja (Ла Роха буюу Улаан шигшээ)-д гараагаа эхэлж байжээ. Нэг жилийн дараа Англид болсон 16 хүртэлх насны Европын аваргад Испанийн шигшээ Торресийн долоон гоолтойгоор түрүүлэв. 2001 оны зургадугаар сарын 6-нд Францын эсрэг аваргын төлөө тоглоход “Алтан жаал” шийдвэрлэх гоолыг оруулжээ. Дараа жил нь 19 хүртэлх насны Euro Cup-т энэ үеийнхэн амжилтаа давтахад Испани финалд Германыг 1-0 ээр хожиход (Ослод болсон) мөн л Торрес гоолджээ. 2008 оны Европын аваргын финалд Германыг буулган авч аварга болоход Торрес хэрхэн гоол хийснийг санаж байгаа биз ээ. 2010 оны дэлхийн аваргад Испани Иньестагийн гоолоор түрүүлэхэд Торрес гоолын найруулгад оролцсон. 2012 оны Европын аваргад аанай л Испани торгон жолоо өргүүлэхэд финалд Италийн хаалганд хийсэн дөрвөн гоолын гурав дахийг нь мань хүн хийж “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон билээ.

“Ливерпуль”-ийн экс довтлогч “Челси”-гийн цамцтай FA Cup, Champions League, Europa League-д түрүүлсэн. Europa League-д түрүүлэхдээ финалд “Бенфика”-гийн эсрэг нэг гоол хйисэн.

Одоо тэр бас нэг финалд тулж ирээд байгаа нь Confederations Cup буюу Тивийн аваргуудын финал юм. Тэрээр Испанийн шигшээ багтай финалд тоглож байсан түүхээ дурсахдаа “Би дахин финалд гоол хийж, багаа түрүүлэхэд нэмэр болмоор байна. Гэхдээ хэн гоол хийх нь хамаагүй, бид цомтой буцах нь чухал” хэмээн өгүүлэв.

Өнөө шөнө буюу маргааш үүрийн таван жингээр алдарт Маракана цэнгэлдэхэд Испани-Бразил тулна. Энэ тоглолтыг бүх дэлхий хүлээж байгаа. Өмнө нь хоёр шигшээ найман удаа таарч тоглоход Испани аль 1934 онд ганц хожиж байжээ. Хамгийн сүүлчийн тулаан 1999 онд болж, хуурай тэнцэж байв.

Nyamka Kopite

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж