Хилийн боомт нэг удирдлагад орох уу?

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Хилийн боомт нэг удирдлагад орох уу?

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж,  Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэгийн танилцуулснаар Боомтын үндэсний зөвлөл нь боомттой холбоотой нэгдсэн бодлого, стандартыг тогтооно. Харин тус зөвлөл нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалагдана. Мөн боомт бүр тухайн орон нутгийнхаа хөгжлийг хангахад гол үүрэг рольтой оролцоно. Төслийг боловсруулахдаа хүнд суртлыг бууруулах чиглэлээр нэлээд ажилласан. Тухайлбал, боомтын нэгдсэн захиргааны даргад улсын ерөнхий байцаагчийн эрх олгохоор хуулийн төсөлд заалт оруулсан байсныг авсан. Учир нь дээрх заалт батлагдсан нөхцөлд боомтын нэгдсэн захиргааны дарга нь хорио цээр тавих, Гаалийн ерөнхий газрынхны хийсэн шалгалтыг дахиж хийх зэрэг үйлчлүүлэгч талдаа хүнд суртал үүсгэж болзошгүй аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Лүндээжанцан нар Боомтын асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт биш Шадар сайдад харьяалуулах нь илүү оновчтой байсан юм биш үү гэдгийг лавлав. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Боомтын харьяаллын асуудлыг нухацтай ярилцсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт бус Ерөнхий сайдад харьяалуулбал ямар вэ гэдэг асуудал хөндөгдсөн. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд ачаалал нэмэгдэх байсан учраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалуулах нь оновчтой гэж үзсэн. Учир нь боомтууд дээр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж тусгай хүн томилогдон ажилладаг. Үүнийгээ бодолцсон ч, асуудал нь нэг талдаа. Шадар сайдын хувьд Онцгой байдал, Мэргэжлийн хяналт гээд тодорхой асуудал хариуцсан газруудыг харьяандаа байлгадаг. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалуулсан гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Боомт олон толгойтой болсон, үүнийг нэг удирдлагатай болгох ёстой. Боомт нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг байхын тулд Засаг дарга нь тодорхой холбоотой байх, боомтоор нэвтрэн орж ирж байгаа цацраг идэвхит бодис, химийн хорт бодис, хүнс гээд энэ бүхэнд хяналт тавихад Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төлөөлөл түлхүү орсон байх ёстой” гэж үзэв.

Холбогдох хүмүүсийн тайлбараар бол боомт нэг удирдлагатай болох, ингэхдээ хүнд суртлыг бууруулах, аюулгүй байдлыг хангах, илүү эдийн засгийн ач холбогдол өгөх боомт болж хөгжүүлэхэд энэхүү хуулийн төслийн зорилго агуулж байгаа аж.

Үүний дараа ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 50 гаруй саналаар санал хураалгасан юм.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж