Гурван боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Гурван боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Йорданы нийслэл Амман хотноо долдугаар сарын 1-нд эхэлсэн Азийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээнд Монголын гурван тамирчин хүрэл медалийн болзол хангаж, маргааш мөнгөн медалийн төлөө тулалдахаар болоод байна. Тодруулбал, 60 кг-ын жинд ОУХМ Б.Жавхлан, 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал нар хагас шигшээ шатанд шалгараад байгаа юм.

Лондонгийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн тоглолтод Тайванийн Ву Юй-Вейг 3:0 харьцаагаар, улмаар Тайландын Вуттичай Масукийг 2:1 харьцаатай ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Одоо тэрбээр маргааш мөнгөн медалийн төлөө Манож Кумартай тоглох юм.

ОУХМ Б.Жавхлан эхний тоглолтдоо Пакистаны Раззак Балочийг 3:0, дараа нь БНСУ-ын И Жун-Минг мөн 3:0-ээр, улмаар рингний эзэн орны тамирчин Сейф Кураишийг 3:0 харьцаатай ялснаар хүрэл медалийн болзол хангасан байна. Б.Жавхлан маргааш медалийн өнгөө хувиргах тулаанаа Тайландын боксчин Сайлом Ардеетэй хийнэ.

Ж.Отгонжаргалын тухайд мөн маргааш мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Мандееп Жангратай тоглоно. Тэрбээр эхний тойрогт Палестины Ахмед Харараг, хоёрдугаар тойрогт Саудын Арабын тамирчин Хоссам Алзахраниг ялсан бөгөөд дараагийн тоглолтдоо Афганистаны Аллах Дад Рахимиг 3:0-ээр буулган авснаар хүрэл медалийн болзол хангажээ.

Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг найман жингийн ангилалд тамирчдаа сойж буйгаас ийнхүү гурав нь хүрэл медалийн болзол хангаад байна. Бусад тамирчдын тухайд 49 кг-д М.Гандулам хоёрдугаар тойргийн тоглолтод Саудын Арабын Ахмед Фахад аль-Фаифид 0:3 харьцаатай, 52 кг-ын жинд Ж.Еркин мөн хоёрдугаар тойрогт БНСУ-ын Ким Жэ-Кьёнд 0:3-аар, 56 кг-д А.Даваадалай хоёрдугаар тойргийн тоглолтод Киргизстаны Омурбек Малабековт 1:2 харьцаатай тус тус ялагджээ. Түүнчлэн 75 кг-ын жинд өрсөлдсөн Т.Чулуунтөмөр Японы Риота Хамазакиг 2:1-ээр ялж, медалийн төлөөх тоглолтод Иракийн боксчин Ванхид Абдерредхад 3:0-ээр дийлдсэн байна. Харин 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр медалийн төлөө Узбекистаны Ойбек Мамазулуновтой өрсөлдөж, 0:3 харьцаагаар ялагдал хүлээсэн байна.

Дашрамд, Монголын боксын холбооны хоёрдугаар шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Б.Энхтайван, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор Йорданд тивийн аваргын төлөө өрсөлдөж байгаа бол шигшээ багийн үндсэн тамирчид ОХУ-ын Казань дэлхийн оюутан залуусын Универсиад наадамд эх орноо төлөөлж буй. Монголын боксчид энэ жилийн наадамд Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энхдэлгэр /52 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, З.Энхзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Э.Шинэбаяр /75 кг/ гэсэн долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Өчигдөр Монголын боксчидын салхийг хагалж, Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү нар Универсиадын рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгуулжээ. Харин өнөөдөр 64 кг-д ОУХМ З.Энхзориг Латвийн тамирчныг 3:0-ээр, 69 кг-ын жинд Б.Түвшинбат Молдавын боксчныг буулган авсан байна

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж