Оюутолгой компани зэрлэг амьтдыг хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Оюутолгой компани зэрлэг амьтдыг хамгаалж байна

Өмнийн говьд голлох үйл ажиллагаагаа явуулж байгаа Оюутолгой компани тухайн бүс нутгийнхаа зэрлэг амьтан, ургамалд хор хөнөөл учруулалгүй ажиллах зорилгыг гол болгон тавиад байна. Энэ талаараа тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уурхайн талбайд мод, бут тарих, зэрлэг амьтдыг газраас болон агаараас тоолох зэрэг ажлыг Оюутолгойнхон хийж байгаа юм байна.

Зэрлэг амьтдын агаарын тооллогыг Монголд анх удаа, Өмнөговь аймгийн зүүн хэсэг, Дорноговийн өмнөд, Дундговийн зүүн өмнөд хэсгийг хамруулан хийжээ. Доктор Майк Нортон Гриффитийн удирдсан мэргэжлийн баг дээрх гурван аймгийн 150 мянган ам дөрвөлжин км талбайд ан амьтдыг тоолжээ.

Дээрх тооллогын хамгийн гол зорилго нь хуланг тоолох ажил байжээ. Энэ намар 20 гаруй хулан барьж сансрын дамжуулагч бүхий хүзүүвч зүүхээр болсон байна. Ингэснээр хулангийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчин, бэлчээр, хүний хүчин зүйлийн улмаас үргэн дайжиж буй эсэх зэргийг судлах бололцоотой болох юм байна. Хуланг барихдаа химийн хоргүй бүтэц бүхий нойрсуулагч сумаар буудаж, хүзүүвч зүүх болон бусад судалгааг 15 минутын хугацаанд гүйцэтгэх ажээ. Хоёроос дээш насны хуланд зүүх хүзүүвч хоёр жилийн дараа өөрөө салж унадаг онцлогтой бөгөөд цаг тутамд мэдээлэл дамжуулах үүрэгтэй гэнэ.

Зэрлэг амьтдын судалгааны үеэр Могойч загалай махчин шувууг судалжээ. Энэ шувуу Монгол орны өмнөд хэсгийн цөл, цөлөрхөг хээрийн хязгаарлагдмал нутагт нүүдэллэн ирж хайлаас модонд үүрлэж өндөглөн үрждэг юм байна. Шувууг судлахын тулд дугаартай бөгжөөр бөгжлөх ажил хийжээ. Мөн Монголд төдийгүй дэлхий  дахинд нэн ховордсон жороо тоодгой шувууг судалжээ.

Үүнээс гадна Оюутолгой компани говийн ургамал, бэлчээр, ховор болон эмийн ургамал, заган ой, хөрсөн дэх үрийн нөөц, ургамлын хортон шавьж зэргийн судалгааг хийж зөвхөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад зогсохгүй байгаль экологид ч санаа тавин ажиллаж байгаа талаараа танилцууллаа.

Оюутолгойн нутаг дэвсгэр дээр хулгайн ан хийсэн тохиолдол гараагүй, хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Дүрэм зөрчсөн хүн гарвал ажлаас халах хүртэл арга хэмжээ авах журамтай. Мөн иргэдэд ан амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр тусгайлсан сургалт явуулдаг юм байна. Ганц нэг зээр машинд дайруулснаас өөр ан амьтан үрэгдээгүй гэлээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж