Ц.Элбэгдоржид Нобелийн шагналт Лех Валенса бараалхав

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржид Нобелийн шагналт Лех Валенса бараалхав

Ц.Элбэгдорж: Польшийн ардчиллын домог Лех Валенса Монголд ирсэн нь эрх чөлөөнд дуртай монголчуудад баяртай үйл явдал болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса бараалхав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн юм.

Польшийн ардчилсан хувьсгалын амьд домог, Польшийн ардчиллын бэлгэдэл, Бүгд найрамдах Польш улсын ардчилсан Ерөнхийлөгч асан Лех Валенса, Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын уулзалт халуун дотно, эртний андуудын уур амьсгалд болж өнгөрлөө.Ноён Лех Валенса Төрийн хүндэтгэлийн өргөө, Монгол гэр, тэнд байрлуулсан Монголын нууц товчоо ном, Монгол Улсын Үндсэн хуулиудын уг эх, худам монгол бичээс зэргийг ихэд сонирхон тайлбарлуулж байлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хүн төрлөхтний түүхэнд эрх чөлөөний хувьсгал хийхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн Нобелийн шагналт, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлийн баяр хүргэж Монгол оронд тавтай морилохыг хүсэн ерөөлөө.
 
Ноён Лех Валенса “Би хувьсгал хийх гэж ирээгүй, харин ардчилсан хувьсгалыг бататгах гэж ирсэн юм шүү” хэмээн хэлж уулзалтад оролцогчдыг хөгжөөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил түүний Польш улсад хийсэн айлчлал маш амжилттай болсонд баяртай байдгаа дурдаж цаашид хоёр орны хооронд харилцаагаа өргөжүүлж, ялангуяа бизнес, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх боломж гарна гэдэгт найдаж байгаа хэмээлээ. Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн хоёр том зах зээлийн хооронд байрладаг. Бизнес эрхлэхэд таатай орчинтой гэдгийг ноён Лех Валенсад тайлбарлав.
 
Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса Монголд ирж явах замдаа онгоцны цонхоор харахад Монгол орны байгаль маш үзэсгэлэнтэй, европчууд, польшуудад маш их таалагдах сайхан уул устай, эзгүй хээр газар их харагдсан гэж байлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх хоёр жил буюу 2014, 2015 онд Монголд сонгууль болохгүй тайван жилүүд болно. Энэ үеэр Монгол даяар бүтээн байгуулалт өрнүүлэх гэж байгаа талаар онцлон дурдлаа. Монголдоо бензин үйлдвэрлэж, олон мянган км төмөр зам тавьж, Монгол Улс бүс нутагтаа хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой орон болох зэрэг олон ажил хийх гэж байгааг дурдсан юм. Ардчилал, хууль ёс, шударга ёсыг улам бэхжүүлэх талаар ажиллана. Салхи, нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр ажлууд эхэлж байгаа, зөвхөн салхины эрчим хүчээр л гэхэд Хятадын хэрэгцээг хангах боломжтой, нарыг нэмэх юм бол илүү их эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой, нүүрсээ нунтаглаж хий болгон гадагш гаргах ирээдүйтэйгэдгийг мөн танилцуулсан юм.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч “Польшийн ардчиллын амьд домог Лех Валенса Монголд ирсэн нь эрх чөлөөнд дуртай монголчуудад баяртай үйл явдал болж байна. Монголчууд эрх чөлөөнд дуртай. Эрх чөлөө, ардчиллын төлөө явж байгаа хүмүүс таныг хараад маш их баярлана” хэмээж байлаа.
 
Монгол Улс, Польшийн хоорондын харилцааг цаашид гүнзгийрүүлэх талаар талууд санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Лех Валенсаг тааламжтой үедээ дахин Монголд ирж тавтай амрахыг хүссэнээр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж