Нинжа нар хуультай болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Нинжа нар хуультай болох уу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай багц хуулийн төсөл хэлэлцсэний нэг нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын эрх зүйн тухай байлаа. Нинжа хэмээх тодотголтой, гар аргаар ашигт малтмал олборлож, түүнийгээ мөнгөн ус, цианит натри зэрэг хорт бодисоор баяжуулан ялгаж борлуулан амьжиргаагаа залгуулагсдыг эрх зүйн орчинтой болгохоор хэд хэдэн парламент дамжуулан хэлэлцэж буй ч өдийг хүртэл хуультай болгож чадаагүй юм. Одоо харин хууль байх уу, журмаар зохицуулах гэдгийг шийдэхээр болж буй аж. Хууль гаргавал өндөр технологитой компаниуд ашигт малтмал олборлохын сацуу гар аргаар олборлож болохыг дэмжсэн хоёрдмол байдал үүсч мэднэ гэсэн болгоомжлол бийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хэлж байлаа. Өдгөө 35 мянган иргэн тийм байдлаар амьжиргаагаа залгуулж буйн гурван хувь нь нүүрс, зургаан хувь нь жонш олборлодог бөгөөд 80 гаруй хувь нь алтаар дагнажээ.
Нинжа нарыг хуультай болгохоор чамгүй ярьсан ч баталж чаддаггүй нь гурван гол шалтгаантай болохыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан тайлбарлалаа.
Цианит натри, мөнгөн усыг яаж хэрэглэх, эдгээрээр ашигт малтмал баяжуулж олборлох тусгай газар зааж өгөх эсэх, гар аргаар олборлогчид үндсэн ордод орох эрхтэй эсэх, мөн далд уурхай ашиглаж болох уу гэсэн асуудлууд дээр гацаа үүсч өнөөг хүргэжээ. Ой, усны сав газарт ашигт малтмал хайж, олборлохыг хуулиар хаасан нь ч анхаарах нэг асуудал болсон байна. Ямар боловч уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүд дэмжсэнээр нинжа нар хуультай болох уу, үгүй юү гэдгийг үргэлжлүүлэн ярихаар боллоо.
                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж