Зэсийн үнэ “зэлнээсээ” холдохгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ “зэлнээсээ” холдохгүй

Сүүлийн саруудад зэсийн үнэ төдийлөн сайн өсөхгүй байгаа. Металлын үнийн хандлага ажиглагчид энэ оны эхний улиралд цахим хуудаснаа мэдээлж байснаас үзвэл “2013 оны хоёрдугаар ули­ралд улбар металлын үнэ 8000 ам.долларт хүрнэ” хэмээж байсан ч харамсалтай нь 7000 ам.долларт ч хүрэхгүй байна. Учир нь өмнөх оны туршид дэлхийн металлын зах зээл дээр 340 мянган тонн орчим зэсийн хомсдол үүссэн гэж олон улсын Зэс судлалын группээс (International Copper Study Group) мэдээлж байв. ICSG-ын тооцоолсноор  202 мянган тонн илүүдэлтэй байсан зэсийн зах зээл 343 мянган тонн хомсдолд ортлоо савласан нь 2010 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн хомсдол болсон байна. Зэсийн хомсдол үүсэхэд Хятадын зэсийн хэрэглээний өсөлт гол нөлөө үзүүлж байсан нь лавтай. Мэдээж хэрэг дээрх хомсдолын үр дүнгээс шалтгаалан энэ онд улбар металлын үнэ буурахгүй, өсөлттэй байна гэх таамгийг шинжээчид дэвшүүлж байлаа.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ 6995 ам.доллар байв. Харин www.bbc.com цахим хуудсын металлын үнийн буланд 6941 ам.доллар буюу өмнөх өдрөөс 57.5 нэгжээр өссөн үзүүлэлттэй гарсан аж. Уг нь дэлхийн эдийн засгийн байдал харьцангуй тогтворжиж, Ев­ро бүс сэргэж буй. Гэхдээ зэсийн гол хэрэглэгч болох манай өмнөд хөрш БНХАУ-ын засгийн газрын бод­логын удаашрлаас болж эл метал­лын хэрэгцээ төдийлөн сайн өсөх­гүй байгаа гэнэ. Тус улсын хувьд үл хөдлөх хөрөнгө буюу иргэдээ орон сууцжуулах талаар шинэ бодлого хэрэгжүүлэхээ өнгөрсөн гуравдугаар сарын эхээр зарлаж байв. Чухам үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид, Хятадын зэс хайлуулагч үйлдвэрүүд эрэлтээ бууруулсан нь уг металлын үнийг өдийг хүртэл өсгөхгүй байх бас нэгэн шалтгаан болж буй юм байна.

Түүнчлэн Лондон зэрэг олон улсын томоохон биржүүдийн зэсийн нөөц илүүдэлтэй, нөгөөтэйгүүр эрэлт муу байгаа болохоор энэ оны хоёдугаар улиралд зэсийн үнэ 8000 ам.долларт хүрэх найдвар бараг үгүй. Тэгэхээр зэсийн үнэ ямартай ч 7000 гэх зэлнээсээ холдож чадахгүй нь бололтой.
 

ОЮУТОЛГОЙН ЭКСПОРТ УДААШИРСНААС БОЛЖ ӨДӨРТ ХОЁР САЯ АМ.ДОЛЛАР АЛДАЖ БАЙЖЭЭ

 
Харин манай улсын хувьд энэ оны төсөвт 213 сая ам.доллараас дээш орлого зөвхөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс орно гэдгийг төс­вийн төсөл боловсруулагчид онцолсон. Үүнд 19.7 тонн алтнаас татварт 121.5 тэрбум төгрөг, 945 мян.тонн зэсийн баяжмалаас 457.9 тэрбум төгрөг, цайрын баяжмалаас 13.5 тэрбум төгрөг, төмрийн хүдрээс 144.6 тэрбум, түүнчлэн жоншны баяжмалаас 12.12 тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байгаа. Гэвч зэсээс олох орлогыг Оюутолгойн баяжмалын экспорт тодорхойлох учиртай. Ямартай ч наадмын өдрүүдэд “Оюутолгой” компани удтал хүлээлгэсэн зэсийн баяжмаа гадагшаа гаргаж эхэлсэн талаар албаны эх сурвалжууд хэл­лээ. Долоодугаар сарын эхний до-лоо хоног хүртэл тус компанийн­хан бүтээгдэхүүнээ хэзээнээс эхэлж гаргах тухай тодорхой тов хэлээгүй байсан. Уул уурхайн яамны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ сарын 9-өөс эхэлж анхны ачилтыг хийж эхэлжээ. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг Монголын болон “Оюутолгой” компанийн бүртгэлтэй дансаар дамжуулах гэнэ. Тус ордын зэсийн баяжмалыг БНХАУ-ын хайлуулах үйлдвэрт нийлүүлэх бөгөөд хилийн боомт хүртэл засмал замаар түүхий эдээ зөөх аж. Тодруулбал, ачааны автомашинаар Гашуунсухайтын боомт хүртэл 80 километр тээвэрлэн урд хөршид аваачих юм байна.

Түүнчлэн олон улсын металлын үнийн бие даасан шинжээч Дэйл Чой “Оюутолгойн бүтээгдэхүүний экспорт хойшилж байгаагаас Монгол Улсын Засгийн газар өдөр тутам хоёр сая ам.долларын татварын орлогоо алдаж байгаа” хэмээн цахим хуудаснаа онцолжээ.

Мөн “Эрдэнэт” үйлдвэр жилд дунджаар 500 мянган тонн зэсийн баяжмал экспортолдог. Жилд гаргаж байгаа нийт бүтээгдэхүүнийх нь зах зээлийн үнэлгээг дунджаар 300 орчим сая ам.доллар хэмээн эдийн засагчид тооцож байгаа. Сүүлийн гурван жилд зэсийн үнэ тодорхой хэмжээгээр өссөн нь Эрдэнэтийн баяжмалыг үнэд хүрэх бололцоог бага ч атугай нээж өгсөн юм. Лондонгийн металлийн бирж дээр нэг тонн зэсийн үнэ 8000 ам.доллар хүрэхэд манай зэсийн баяжмал 2100-2200 ам.доллар болдог. Уг металлын баяжмалд зэсээс гадна мөнгө, алтны агуулга байдаг аж. Гэхдээ хамгийн өндөр агуулгатай нь мөнгө. Тэгвэл мөнгөний үнийг өнөөдөр нэг тонн баяжмалд 70 ам.доллараар тооцон борлуулж буй.  Судалгаанаас үзэхэд нэг тонн баяжмалаас 23-25 хувь цэвэр зэс гардаг байна. Иймд мон­гол­чууд экспортолж буй баяжмалаасаа дунджаар 125 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Энэ бүтээгдэхүүнээ зах зээлийн хам­гийн бага үнээр борлуулахад тонн цэ-вэр зэс  3000-3500 ам.доллар гэвэл  нийт 375-437 орчим сая ам.доллар болох юм. Цаашид Оюу толгой, Ца­гаан суваргын ордын баяжмалыг тогтмол ашиглаад эхлэхээр манай зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэг­дэнэ. Ингэснээр дэлхийн жилд хэрэг­лэх зэсийн 10 гаруй хувийг бүрдүүл­нэ гэх тооцоо байдаг юм билээ.
 

Л.БААТАРХҮҮ

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж