Төрийн тахилгын ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Төрийн тахилгын ёслол боллоо

Говь гурван сайхан уулын төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүн сайхан ууланд болсон юм.

Овооны тахилгын сангийн тэргүүн, тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөсний дараа Монгол улсын Ерөнхийлөгч төрийн бэлгэдлийг илэрхийлэн хүндэт харуулаар хамгаалуулан ирж зочид төлөөлөгчид байраа эзэлсэнээр тахилгын арга хэмжээ албан ёсоор эхэлсэн. Энэ үеэр ёслолд оролцогчид сөгдөн сууж хоёр гарын алгын дээш харуулан хурайлж байлаа. Ерөнхийлөгч “Ганжуур” их хөлгөн судраас адис авч мэхийн ёсолж тэнгэрт хүндэтгэл илэрхийлж  Хүндэт харуулын цэргүүд Монгол улсын Төрийн далбаа, бүх цэргийн их хар сүлдний Өмнөдийн элч сүлд, Өмнөговь аймгийн туг, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овоолон овооны 2 талд байрлуулсан юм. Үүний дараа Их тахилгат хайрханы тэнгэрт хандсан айлтгал, тэнгэрт илгээх сум, торго зэргийг тусгайлан зассан ширээнд хүндэтгэлтэйгээр залсан юм.  


Монгол улсын Ерөнхийлөгчийг үг хэлсэний дараа Ерөнхийлөгчийн зөвлөх Болд хайрханы тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгоход сүсэгтэн олон айлтгалыг таалан гүйцэлдүүлэхийг бэлэгшээн залбирч мөргөх ёс үйлдэж байсан юм. Шар торгон дээр бичсэн энэхүү айлтгалын эх хувийг аймгийн Засаг даргат гардуулан өгсөн бөгөөд аймгийн музейд дурсгал болгон хадгалагдах учиртай юм.

Их хайрханы тэнгэрийг тайх ёслолд айлтгал бичгийг нэг хувь болон торго, арц хүж зэргийн дээжийг тахилгын гал мандлын бурханд өгүүлэн тэнгэрт илгээсэн. Үүний дараа Ерөнхийлөгч болон орон нутгийн удирдлагууд идээ шүүсийг хөндөн овоонд өргөсөн юм. Тахилгын ёслолын бас нэг хэсэг нь дуут сум илгээр ёслол байлаа. Тэнгэрт хүргэх сумыг Монгол улсын гоц мэргэн харваач Баттөмөр монгол улсын Ерөнхийлөгчөөс хүлээн авч тэнгэрт илгээсэн. Мөн лам хуврагууд Говь гурван сайхан уулын эзний дуудлага, Эзэн чингис хааны сан уншсан бөгөөд Морины сэтэр номыг уншиж эхлэхэд Монгол улсын Ерөнхийлөгч Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Отгонсүрэнгийн хонгор морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж дэлэнд нь хадаг уяснаар тэнгэрийг тайх ёслол өндөрлөсөн юм.  



Их тахилгат хайрханы ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-эрдэнэ, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон сүсэгтэн олон өргөнөөр оролцсон юм.

Төрийн тахилгын ёслолын ажиллагаа нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар таван жилд нэг удаа болох бөгөөд анхны тахилгад орон нутгийн болон бусад газруудаас сүсэгтэн олон ард иргэд өргөнөөр оролцсон юм.  

Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх анхны ёслолын арга хэмжээнд Монгол ёс уламжлалын дагуу үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулсан. Хайрханы тахилгын барилдаанд 64 бөхчүүд эр бяраа сорьж өрсөлдсөнөөс Номгон сумын харьяат, аймгийн арслан С.Идэрсүрэн түрүүлж, Мандал-Овоо сумын харьяат, аймгийн заан Б.Амгаланбаатар нар үзүүрлэж шагналын эзэд болсон юм. 

Төрийн их хүндэтгэл, ёслол тайлгын ажиллагаа нь “Монгол туургатны үүрдийн их шүтээн Монгол Алтайн нурууны үргэлжлэл Говь гурван сайхан хайрханы оргил Их тахилгат хэмээх энэхүү хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 153-р тоот зарлигаар батламжилсан билээ. Төрийн тэргүүний энэ зарлигийн дагуу далайн түвшнээс 2812 метр өндөрт өргөгдсөн, тахилга ёслолын олон жилийн түүхтэй Говийн ард түмний уул усны шүтээн болсон энэ буурал хайрханаа тахих Төрийн ёслолын ажиллагаа дэг жаяг, зохион байгуулалт сайтай болсон юм.       





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж