Дунд голын урсгалыг хэн таслав?

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Дунд голын урсгалыг хэн таслав?

Голын урсгалыг тасалсан шороо моддын амийг бас “тасалжээ”

Дуунд мөнхөрсөн Дунд гол арай ядан урсч байна. 1980-аад оны нийслэлчүүдийн эрэг дээр нь тухалдаг байсан энэ голыг олон талаас нь шахаж, өндөр барилгууд барьсан нь саяхан.

1960-аад онд нийслэлийг тэр чигээр нь үерт автуулж байсан догшин гол одоо сайр төдий үлдэж жижигхэн горхи л урсах болов.

Гэтэл саяхнаас урсгалыг нь боомилж эхэлжээ. Энхтайваны гүүрийн зүүн хэсгээр. Дунд голын ус булингартжээ. Учир нь голын урсгалыг боож их хэмжээний талбайд шороо асгаж тэгшилсэн байна. Мөн голын усыг метр хэрийн өргөнтэй урт төмөр хоолойгоор хязгаарлажээ. Дээгүүр нь зам гаргаж, хүнд даацын автомашинууд сүлжилдэнэ.

Гүүрний доод хэсгийн урсгалыг хязгаарласан шороо урсгал сөрж голын хоёр талаар нэг км орчим үргэлжилнэ. Голын эрэг дагуух модод шороонд дарагдаж, үндсээр нь эргүүлсэн өвгөн модод, залуухан улиасны үзүүр амь тэмцэж буй мэт цухуйх нь нүд хальтрам.

Урсгал боосон шороо зүлэгжсэнийг харвал энэ байдал олон сар үргэлжилсэн бололтой. Байгалийг ингэж сүйтгэсэн бөх зүрхтэн чухам хэн байв.

Барилга барихаар зэхсэн үү?

Байгалийн тэнцвэрийг алдагдуулж голын урсгалыг боосон энэ үйлдэлд барилгын компаниуд шороогоо асгасан байх магадлалтай юм. Тиймээс ойролцоох бүтээн байгуулалт хийж буй компаниудыг хардаж болох. Учир нь голын ойролцоо барилгын суурь цутгалтын ажил явагдаж байгаа юм байна.

Барилгын суурийн шороог гол дээр асгасан эсэхийг талбайн инженерээс нь тодруулбал сул шороогоо Сонсголон тийш аваачдаг гэв. Мөн энэ хэсэгт Төв цэнгэлдэх хүрээлэн рүү чиглэх замыг шинэчлэх ажил үргэлжилж буй юм байна.

Замын компанийн хувьд зөвхөн хуучин замыг сэргээж, хашилт, явган хүний замыг тавьж байгаа юм байна. Эзэн нь үл мэдэгдэх энэ хэргийг цагдаагийн байгууллага анхааралдаа авсан гэх сургаар албаны хүнээс тодруулахад “Улсын мөрдөн байцаах газраас өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн. Одоогоор шалгалтын ажил эхлээд удаагүй байна. Голын урсгал дээр барилгын шороо асгасан нь хууль бус үйлдэл. Хууль зөрчсөн этгээдүүд одоогоор тодорхойгүй байна” гэсэн юм.

Тэд ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс байцаалт авч байгаа гэнэ. Байгаль орчныг сүйтгэж буй хэргийг цагдаагаас түрүүлж Мэргэжлийн хяналтын байгууллага анхаарах учиртай.

Олон сарын турш шороонд дарагдсан Дунд голын талаар нийслэлийн Хан-Уул дүүргийн Байгаль орчны хяналтын хэлтсийн мэргэжилтнээс тодруулах гэсэн боловч тэрээр “Энэ талаар гомдол ирээгүй. Гомдол, санал ирсэн тохиолдолд бид шалгана” гэлээ.

Уг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт энэ талаарх гомдол ирж байж. Тэд хариу арга хэмжээ авсан хэмээн цахим хуудастаа мэдээлсэн ч холбогдох дүүргийнхэн нь ч мэдэхгүй гэх. Арга хэмжээ хэрхэн авсан болоод Дунд гол дундарч байгааг тэд л мэдэх болж таарав.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдлоос үзвэл энэ газарт “АПУ” компанийнхан барилга барихаар зэхсэн бололтой. Голын урсгалыг хязгаарлаж шороогоор тэгшилснийг харвал тийм ч байж мэдэх. Хуучин урсч байсан намаг бүхий талбайд үргэлжлүүлэн шороо асгахаар хэсэг талбайг тэмдэглэн орхисон нь ч содон харагдана.

Голын амийг таслах дөхсөн эл байдлын талаарх өөр хувилбар бас бий. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Монгол менежмент” гэх компанийн хийсэн ажил гэсэн сураг дуулдав.

Голыг үерлэхээс хамгаалж эрэг бий болгож байгаа хэмээн тайлбарлаж байсныг ч эх сурвалж мэдээлэв. Үерлээд үерлээд 1966 оны үерийн хэмжээнд хүрэхгүй болсон голыг давхар эрэгжүүлэх шаардлага юунд байна. Эсвэл эргээр хашчихаад үлдсэн талбайг барилгажуулах сонирхол байна уу. Энэ асуултын хариу хэрхэн гарч, Дунд голыг дундраасан хариуцлагыг хэн хүлээх бол…

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж