Асашёорюү Д.Дагвадорж мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Асашёорюү Д.Дагвадорж мэдээлэл хийлээ

Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт маргааш буюу долдугаар сарын 25-нд нээлтээ хийнэ. Монголд анх удаа зохион байгуулж буй энэхүү тэмцээний талаар Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ерөнхийлөгч, их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа. Хэвлэлийн хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөс гадна ФИЛА буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда, Азийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Ким Ик Жон, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Амарсанаа нар оролцсон юм.  

Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөнө. Тив, дэлхий, олимпийн медальтнуудын залгамж халаа болсон эдгээр өсвөрийн бөхчүүд 30 жинд 120 багц медалийн төлөө Монголын дэвжээнээ өрсөлдөх юм. Манай улсад ирсэн гадаадын өсвөрийн бөхчүүд, дасгалжуулагчид олон улсын хүүхдийн Найрамдал зусланд байрлаж байна. Монголын чөлөөт бөхийн холбоо тэмцээний бэлтгэлд зориулан Найрамдал зусланд чөлөөт бөхийн зургаан дэвжээ бүхий бэлтгэлийн нээн ажиллуулж байгаа гэнэ. Энэхүү бэлтгэлийн дэвжээнд манай болон гадаадын өсвөрийн бөхчүүд бэлтгэл сургуулилт, бие халаалтаа базааж байгаа юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж:

-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд бид өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт дээр онцгой анхааран ажиллаж байна. Энэхүү тэмцээнийг сайн зохион байгуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг болж байгаа юм. Яагаад гэвэл өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотноо болсон ФИЛА-гийн ээлжит бус их хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбоо эх орондоо Залуучуудын ДАШТ, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ удаагийн өсвөрийн Ази тивийн АШТ-ийг хэрхэн зохион байгуулахаас шалтгаалан, дараагийн томоохон тэмцээний эрхийг олгох учиртай. Нутгийн дэвжээ ямагт бөхчүүдээ түшиж явдаг болохоор эдгээр тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаа юм. Мөн Ази тивийн хөвгүүд, охидын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах саналыг талархалтай хүлээн авч, эрх олгосонд манай холбоо болон үзэгчдийнхээ өмнөөс талархаж байгаагаа ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукудад уламжилж буйгаа онцоллоо.

Харин ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда чөлөөт бөхийг олимпийн хөтөлбөрөөс хасах талаар яригдаж буй энэ хариуцлагатай цаг мөчид тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй МЧБХ-ныхонд амжилт хүсээд,

-Монголын тамирчид анх удаа олимпод чөлөөт бөхөөр оролцож байсан. Их аварга Асашёрюү сумогоор дамжуулан Монгол орныхоо нэрийг дэлхий дахинд гаргасан. Одоо Их Аварга Асашёрюүг танихгүй хүндэлдэггүй япон хүн байдаггүй. Үүнтэй адил чөлөөт бөхгүйгээр монголын тамирчдыг, олимп, дэлхийн медальтнуудыг төсөөлөх аргагүй юм гэдгийг онцлон хэлсэн юм.     

Манай өсвөрийн бөхчүүд 2003 оноос эхлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 73 медаль хүртээд байна. Үүнээс алт 10, мөнгө 27, хүрэл медаль 36-г хүртсэн байна. Азийн АШТ-нд оролцож, медаль хүртсэн тамирчид дотор 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, 2013 оны Универсиад наадмын аварга С.Батцэцэг, ДАШТ-ний хошой хүрэл медальт Азийн аварга О.Насанбурмаа, Залуучуудын дэлхийн аварга Э.Бэхбаяр, Т.Даваахуяг гээд жиндээ өнөө цагийн өнгийг тодорхойлсон шилдэг бөхчүүд болсон байна.  
 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж