Гудамжны халдлагын эсрэг богино юбкатай жагсаал болно

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Гудамжны халдлагын эсрэг богино юбкатай жагсаал болно

"Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд" ТББ олон улсад жил бүр зохион байгуулагддаг хүний эрхийг хамгаалах “V-Day” аяны хүрээнд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг гудамжны халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх, олон нийтийг эерэг хандлагад уриалах зорилгоор "Миний богино юбка" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Ирэх наймдугаар сарын 2-ны өдөр Битлзийн хөшөөний урд 19:00 цагаас болох уг парадад хүн бүр оролцох эсвэл үзэгч, дэмжигч байх боломжтой бөгөөд оролцогчид богино юбка, даашинз болон өнгөлөг тод өнгийн хувцас өмсөх аж. Уг арга хэмжээний үеэр Зохиолч Ийв Энслерийн "Үтрээний хүүрнэл" жүжгийн "Миний богино юбка" монологийг уншиж, Мөрөөдлийн бүжиг клубээс латин бүжгийн "Флаш моб" сонирхуулах ажээ. Монголд анх удаа болох уг парадыг зохион байгуулагчдын зүгээс доорх сонордуулгыг гаргажээ.

"Бүсгүй та,

– хэзээ нэгэн цагт ус цацах, хормой сөхөх, биед тань зөвшөөрөлгүй хүрэх гэх мэт гудамжны халдлагад өртөж байсан уу?

– хүссэн даашинз, юбка эсхүл өнгөлөг тод хувцас өмссөнийхөө төлөө элдэв бүдүүлэг доромж үгийн бай болж байсан уу?

– гудамжинд ийм юм өөрт тохиолдсноо хүмүүст хэлэхэд "орой болсон байсан", эсвэл "чи задгай хувцас өмссөн болохоор" зэргээр өөрөө эргээд буруутгагдсан тохиолдол байв уу? Магадгүй эдгээр энгийн дасал болсон юм шиг халдлагууд бидний халдашгүй, эрх чөлөөтэй, чөлөөтэй зорчин явах, айдас дарамтгүй амьдрах эрхийг маань зөрчсөөр байна. Энэ бүхний эсрэг бусад олон эмэгтэйчүүдтэй хамтран дуу хоолойгоо хүргэх энэ боломжийг бүү алдаарай!

Залуу та,

– өөрийн ээж, эгч, охин дүү, найз охин, найзыгаа мөн өөрийн бяцхан охиноо гудамжинд хэн нэг этгээдийн халдлага, дэггүйтлийн хохирогч битгий болоосой гэж хүсч байгаа бол

– хэн нэгэн эмэгтэй гудамжинд халдлагад өртөж байхад бусад хүмүүс хажуугаар нь юу ч болоогүй юм шиг дуугүй өнгөрдгийг өөрчилмөөр байгаа бол

– Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр хүйс харгалзахгүй халдашгүй, эрх чөлөөтэй гэдэгт итгэдэг бол бидний дуу хоолойг дэмжин энд заавал хүрэлцэж ирээрэй!"

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж