Н.Батбаяр Япон улсад айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр Япон улсад айлчлал хийж байна

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Япон Улсад энэ оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. 

Тэрээр Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо, Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Т.Мотеги нартай уулзаж, Монгол-Японы стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлэхээр харилцан санал солилцов.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ оны 9 дүгээр сард Япон Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах, энэхүү айлчлалын үеэр байгуулах Монгол, Японы Стратегийн түншлэлийг эрчимжүүлэх Дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн эдийн засгийн агуулгын талаар ярилцав.

Түүнчлэн, Сайд Н.Батбаяр Япон Улсын Газар, зам, тээврийн дэд сайд Х.Ишизү, Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ны Гүйцэтгэх захирал Х.Ватанабэ, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын Ерөнхийлөгч А.Танака нартай уулзав.

Талууд японы өндөр технологи, техникийг нутагшуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар бие биеэ нөхсөн, харилцан ашигтай эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхээр болов.

Айлчлалын үеэр Японы тал Монголд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. Цаашид хоёр тал аж үйлдвэр, уул уурхай, нийгэм эдийн засгийн дэд бүтэц, санхүүгийн салбарт хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн талаар ойрын үед харилцан санал солилцож, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт дээр суурилсан эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал нэгдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж