Оросын эмэгтэйчүүд спорт алхаанд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Оросын эмэгтэйчүүд спорт алхаанд тэргүүллээ

ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжиж байна.

Өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн спорт алхааны 20 км-ын уралдаан болж, ОХУ-ын Елена Лашманова нэг цаг 27 минут 11 секундын амжилтаар түрүүлж, ДАШТ-ний анхны медалиа хүртлээ. Өдгөө 21 настай Лашманова өнгөрсөн жил Лондонгийн олимпийн их наадамд нэг цаг 25 минут 02 секундын амжилт үзүүлэн түрүүлж, дэлхийн рекорд тогтоож байсан. ОХУ-ын Анисья Кирдяпкина нэг цаг 27 минут 10 секундын амжилтаар мөнгөн медаль хүртэж, БНХАУ-ын Лю Хун нэг цаг 28 минут 10 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 20 км-ын спорт алхаанд 62 тамирчин гараанаас гарсанаас 57 нь барианд орсон байна.

ОХУ-ын 20 км-ын эрэгтэй, эмэгтэй тамирчид нутгийнхаа дэвжээнд түрүүгээ алдсангүй. Эрэгтэйчүүдийн 20 км-ын уралдаан тэмцээний хоёр дахь өдөр болсон бөгөөд ОХУ-ын Александр Иванов 1 цаг 20 минут 58 секундын амжилтаар дэлхийн аварга болсон. Эрэгтэйчүүдийн 50 км-ын спорт алхааны уралдаан маргааш болох юм. Өнөө шөнө эрэгтэйчүүдийн 400 м, 800 м-ийн шигшээ, эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын шигшээ тэмцээн болж, медальтнууд тодорно.

Дөрвөн өдрийн дараа одоогийн байдлаар (19:00) ОХУ-ын хоёр алтан, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар АНУ-ын дараа хоёрдугаар байрт бичигдэж байна.

Дэлхийн 206 орны 1974 (эрэгтэй 1106, эмэгтэй 868) шилдэг тамирчид 47 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагаас одоогийн байдлаар 13 багц медаль эзэндээ очоод байна.

23 улс ямар нэгэн медаль хүртсэнээс АНУ (3 алт, 2 мөнгө, 1 хүрэл), ОХУ (2+1+2), Ямайк (2+0+1) улсууд тэргүүлж байна. БНХАУ нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж XII, Япон улс эмэгтэй марафоны төрөлд хүртсэн нэг хүрэл медальтайгаар XХI-XХIII-р байранд бичигдэж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж