Xямралаас хамгаалсан “Ноу Хау”

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Xямралаас хамгаалсан “Ноу Хау”

Эдийн засгийн бууралттай зэрэгцүүлэн хямралаас хамгаалсан “Ноу Хау”

Мөнгөний нийлүүлэл­тийн хэмжээ энэ оны эхний хагас жилд найман их наяд төгрөг болж 13.5 хувийн өсөлттэй гарчээ. Энэ тоон үзүүлэлтээр “тоглох”-ын цаа­на “Яагаад” гэсэн асуул­тын хариуг олох нь илүү чухал байна. Монголын эдийн засгийн өсөлтийн “Ал­тан үе”-ийг эргэн дурсах таа­тай байдгийг нуух юун. Ту­хайлбал 2010-2012 онд мөн­гөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 39 хувь, бүр оргил үедээ буюу 2011 оны эх­ний улиралд 67 хувьд хүрч байв. Харин одоо яагаад нийт мөнгөний өсөлтийг өн­гөрсөн гурван жилийнхтэй харьцуулахад бага байна вэ. Мөнгөний нийлүүлэлтийн хэм­жээ багассан үзүүлэлт бүрийг “Эдийн засгийн уналт” гэж хэлж болдог уу гэдэг нь өөр асуудал ажээ.

Монголбанк 2012 оны арваннэгдүгээр сараас хой­ших хугацаанд тодорхой зорилт, хөтөлбөрийн хүрээнд нийт 2.9 их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлжээ. Үүнийг өнөөгийн эдийн зас­гийн 13.5 хувийн өсөлтөөс хасаж тооцвол мөнгөний нийлүүлэл­тийн хэмжээ 27 хувиар буурахаар байж. Энэ бага тоо гэж үү. Эдийн засаг дахь бэлэн мөнгөний хэмжээ буурч төгрөгийн дутагдалд орвол юу болдог вэ гэдэг талаас нь харвал 27 хувийн бууралтыг “аймшигтай” гэдгийг мэдрэх болно.

Мөнгөний нийлүүлэлтийн хэм­жээ буурснаар юуны өмнө ДНБ-ий бодит өсөлт огцом буурч эдийн засагт ноцтой хямрал учирдаг. Мөн зэээлийн тасалдал бий болж санхүүгийн салбар тэр чигтээ хям­рах аюул тулгардаг билээ. Энэ нь банкуудаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд, аж ахуйн нэг­жүүдийн “цусны эргэлт” зогсох, хатуухан хэлбэл “хаалгаа барих”-д хүргэдэг.

 

Өнөөдөр “Оюутолгой” ХХК 1700 ажилтнаа халсан тухай мэдээлэл нийгмийг бүхэлд нь сандаргаж байна. Тэгвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй мянга, мянган ажилтан гэнэт ажилгүй болбол тэд­ний ар гэрийнхний амьдралд хэр хэмжээний хохирол учрах бол. Тэгэхээр Монголбанкны төдий­гөөс өдий хүртэл хийсээр ирсэн мөнгөний нийлүүлэлт нь ажилгүйдэл, ядуурлын гэнэтийн эрсд­лээс хамгаалж байсныг мэдрэх цаг нэгэнт болжээ. Ажилгүйдэл огцом өсөх нь нийгмийн үйл амьдралд ямар хэмжээний доргилт өгдөг билээ гэдгийг бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хан­галттай харсан. Иймд мөнгөний ний­лүүлэлтийг мөнгөний өсөлтийн түв­шинтэй уялдуулан хийж буй Монголбанкны өнөөгийн барим­талж буй бодлого нь эдийн засаг дахь хямд бөгөөд урт хугацаатай төгрөгийн дутагдлыг нөхөөд зог­сохгүй ажлын байруудыг тогтвортой хадгалах хөрс суурь болж чадаж байна. Нөгөөтэйгүүр валютын ханшийн огцом өсөлт, хан­шийн хямралаас урьдчилан сэр­гийлэх, санхүү, эдийн засагт учирч болзошгүй ноцтой хямралыг саа­руулах цоо шинэ “Ноу Хау” гэж хэлж болох юм.

Хэрэв Монголбанк төгрөгийн нийлүүлэлтийг хийгээгүй бол өөрөөр хэлбэл найман их наяд төг­рөгийн гурван их наяд төгрөг нь байгаагүй бол яах байсан бэ. Энэ тохиолдолд Монголын эдийн засагт нийт таван их наяд төг­рөг л эргэлдэж байх байсан. Үүнийг мөнгөний нийлүүлэлтийн “огцом бууралт” гэж хэлж болно. Ингэснээр санхүүгийн системд маш том цохилт, эрсдэл учрах байсан. Мөн ажлын байр огцом буурна. Нэг жишээ дурьдахад одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны сүүлийн гуравхан сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүч 77 мянгаар буурсан гэдэг. Энэ бол хямралын үе. Тэр үед эдийн засаг дахь мөнгөний хэмжээ 5.5 хувиар буурч байсан. Хэрэв Монголбанк төгрөгийн нийлүүлэлт хийгээгүй бол үүнээс дор хямрал хүлээж байсан гэхэд хилсдэхгүй.

Удахгүй гарах статистикийн шинэ дүнгээр өмнөхөөс ахицтай дүн дуулдана гэж найдаж байна. Зарим эдийн засагч эдийн засгийн өсөлтийн хэмжээ 16 хувьтай гарах болов уу гэсэн таамаглалыг хэллээ. Гэхдээ энэ өсөлтийн дийлэнх хэсгийг хувийн хэвшлийнхэн бүр­дүүлж буй. Тэдний оролцоог төр зөв дэмжиж чадвал өсөлтийн дүн нааштай гарсаар байх болно.

 Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж