Дулааны улиралд орон нутгийн замд гарах осол нэмэгддэг

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Дулааны улиралд орон нутгийн замд гарах осол нэмэгддэг

Дулааны улиралд орон нутгийн зам дээр гарах зам тээврийн осол нэмэгддэг хэмээн Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Учир нь амралт зугаалгаар хөдөөг зорих хөдөлгөөн эрс ихэсдэг байна. Энэ нь жолооч нар хотоос гараад л хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэдэг, анхаарал нь сулардаг зэргээс үүдэлтэй гэнэ. Мөн холын замд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж яваагүйгээс ч нэлээд осол гардаг байна.
Сүүлийн хэдэн өдрүүдэд дараалан орон нутгийн замд гарах ослууд гарч байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт гэхэд зургаан хүн нас барж, хоёр хүн хүндээр гэмтсэн ноцтой осол Төв аймгийн нутагт гарсан байна.

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт Улаанбаатараас Эрдэнэт орох замд Хонда маркийн 63-13 УНД дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, дөрвөн настай хүүхэд нас барж, хоёр зорчигч гэмтсэн ноцтой осол гарсан байна.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, “Байгаль орчин” нэртэй уулзварын авто зам дээр “ДАР-….” улсын дугаартай  суудлын хоёр автомашин мөргөлдсөн хэрэг гарч нэг хүн амь насаа алдсан байна.

Орон нутгийн зам дээр гарсан осол аваар ихэвчлэн хүний амь насыг хохироох нь элбэг байдаг. Өнгөрсөн онд гэхэд зам тээврийн ослоор 317 хүн алтан амиа алдсан байна. Үүнээс 219 нь орон нутгийн замд осолджээ. Энэ зөвхөн газар дээрээ нас барсан хүний тоо бөгөөд эмнэлэгт очоод хэдэн хүн амь насаа алдсаныг тооцоогүй байгаа аж.

Түүнчлэн дулааны улиралд мотоциклиор зорчигч нар зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг байна. Мөн л дийлэнх нь орон нутгийн замд гардаг байна. Өнгөрсөн онд мотоцильтой явж байгаад осолдсон 153 тохиолдол бүртгэгдсэнээс 143 нь орон нутагт гарчээ. Хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцож байгаа энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс хурд хэтрүүлдэг, мөн хамгаалалтын малгай өмсдөггүйгээс осолдох үедээ амь насаа алдах нь их байдаг байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж