АНУ Сирид цэргийн хүчээ ойртуулав

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

АНУ Сирид цэргийн хүчээ ойртуулав

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газрын арми өнгөрсөн лхагва гаригт нийслэл Дамаск хотын захын босогчдын суурьшдаг дүүргүүд рүү химийн бодис бүхий пуужингуудаар харвасан билээ. Хүний мэдрэлд хүчтэй нөлөөлөх хорт хий бүхий халдлагын улмаас олон зуун хүн амь үрэгдсэн юм. Сирийн Засгийн газрын зүгээс амь үрэгдэгсдийн тоог 300 орчим гэж мэдэгдсэн боловч сөрөг хүчнийхэн 1000 орчим хүн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна. Хохирогчдын ихэнхи нь хүүхэд аж.

Халдлагын дараа НҮБ-аас Сирийн Засгийн газарт хандан хэргийн газарт химийн зэвсгийн мэргэжилтнүүдийг яаралтай ажиллуулж, шинжилгээ хийлгэхийг шаардсан юм. Энэхүү халдлага нь НҮБ-ын химийн зэвсгийн мэргэжилтнүүд Сирийн сөргөлдөгч талууд химийн хорт бодис хэрэглэсэн эсэхийг тодруулахаар хүрэлцэн ирээд байхтай давхцан гарчээ.

Харин Сирид химийн зэвсэг хэрэглэхийг хүчтэй эсэргүүцдэг АНУ-ын зүгээс дээрх халдлагын хариуд эхний ээлжийн арга хэмжээг авч эхэлжээ. Юун түрүүнд АНУ-ын албаныхан нь Сирийн асуудлаар Башар аль-Ассадыг дэмжигч ОХУ-ын талтай уулзалт хийхээр болсон байна. Түүнчлэн АНУ-ын Пентагоны зүгээс өөрийн армийн хүчээ Сирид ойртуулж, Газар Дундын тэнгис дэх цэргийн хүчээ зузаатгах арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. Албаныхны мэдээлснээр АНУ эхний ээлжинд далавчит пуужингууд бүхий байлдааны хөлөг онгоцнуудаа Газар Дундын тэнгисийн зүүн эрэг рүү аваачсан ба одоогоор ямар нэгэн үйлдэл хийгээгүй байгаа гэнэ. Харин АНУ-ын Батлан хамгаалахын тэргүүн Чак Хэйгел энэ талаар хараахан мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж