Д.Бат-Эрдэнэ Сенатын гишүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

Д.Бат-Эрдэнэ Сенатын гишүүдтэй уулзлаа

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ АНУ-ЫН СЕНАТЫН ГИШҮҮН ЖОН МАККЕЙН, ШЕЛДОН УАЙТХАУС НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ АНУ-ын Конгрессийн Сенатын танхимын гишүүн Жон Маккейн, Шелдон Уайтхаус нарыг 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Кэмпбэлл байлцав.

    Уулзалтын эхэнд сайд Д.Бат-Эрдэнэ АНУ-ын улс төрийн нэртэй зүтгэлтнүүдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж Монгол оронд тавтай морилохыг уриад газар нутгийн хувьд алслагдмал, соёл заншил өөр өөр ч ардчилалын үнэт зүйлсийг эрхэмлэдгээрээ Монгол Улс, АНУ адил төстэй гэдгийг дурьдав. Тэрээр цааш нь бүс нутгийн аюулгүй байдал, түүнд оруулах Монгол Улсын хувь нэмэр, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагаан дахь оролцооны талаар ярив. Монгол Улсын Зэвсэгт хүчин хэдийгээр цомхон ч чадварлаг цэргүүдээ дэлхий нийтийн энх тайвны төлөө энхийг сахиулах ажиллагаанд үргэлжлүүлэн оролцуулсаар байх болно гэдгийг цохон тэмдэглэсэн. Харин энэхүү үүргийг биелүүлэхэд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас үзүүлж буй тусламж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй хамтарсан сургууль, дадлага чухал үүрэгтэйг онцлоод хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Сенатын гишүүдээс хүслээ.

    Сенатын гишүүн Ж.Маккейн цаг зав гарган хүлээн авч байгаад болон АНУ-ын ЭСЯ-тай ойр ажиллаж, хүндэтгэж байдагт талархсанаа илэрхийллээ. Тэрээр Кабулд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай уулзсанаа дурьдаж, эвслийн цэргийн удирдах албан тушаалын генералуудтай уулзахад монгол цэргүүдийг байнга магтаж, мэргэжлийн ур чадвар сайтай талаар ярьж байсныг тэмдэглэн хэллээ. Мөн Афганистаны тогтвортой байдлын төлөө өөрийн чадварлаг цэргийн алба хаагчдаа илгээж оролцуулж байгаа нь нэр төрийн хэрэг гэдгийг цохон тэмдэглэсэн. Монгол Улс ардчиллыг амжилттай төлөвшүүлж, эдийн засгийн өсөлтийг хангаж байгааг тэмдэглээд бүс нутгийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлын үлгэр жишээ болж байгаагаар бахархаж байдгаа илэрхийлэв.

    Сенатын гишүүн Ш.Уайтхаус анх удаагаа айлчлан ирээд Батлан хамгаалахын сайдтай уулзаж байгаадаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Афганистан дахь оролцоо, АНУ-ын цэргийн мэргэжлийн сургуулиудад алба хаагчдаа сургаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд онцгой байдлын үед Зэвсэгт хүчний үүргийн талаар сонирхлоо.

    Сайд Д.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчин цомхон боловч чадварлаг, олон талт үүрэг гүйцэтгэх чадвартай байх зорилт тавьж байгааг дурьдав. Мөн тэрээр Энхийг сахиулах ажиллагаанд оролцох, хоёр талын болон олон улсын хамтарсан сургуулийг тогтмол явуулах нь манай цэргийн алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөтэйг онцоллоо.

    Төгсгөлд нь Сенатын гишүүн Ж.Маккейн, Ш.Уайтхаус нар сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзсандаа баяртай байгаа дахин илэрхийлээд богино хугацаанд ардчилал, чөлөөт эдийн засгийг цогцлуулж амжилт олж байгаад баяр хүргэв.

Батлан хамгаалахын сайд Д. Бат-Эрдэнэ АНУ-ын Сенатын нэр хүндтэй гишүүдтэй уулзсандаа болон санал бодлоо солилцож, харилцан ярилцсандаа талархаж байгаагаа дахин илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө. Уулзалтын дараа Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Сенатын гишүүд, Элчин сайдтай дурсгалын зургаа авахуулж, Сенатын гишүүн Ж.Маккейн, Ш.Уайтхаус нар Бүх цэргийн хар сүлдний өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүллээ.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж