&#34Химийн довтолгоон үр дагаваргүй үлдэх ёсгүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

&#34Химийн довтолгоон үр дагаваргүй үлдэх ёсгүй&#34

Химийн довтолгоон хийсэн гэх Сирийн дэглэмийн эсрэг арга хэмжээ авахыг ХБНГУ-ын Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт шаардав. Харин тэр Барууны зүгээс Сирийн эсрэг явуулах цэргийн ажиллагааны талаар юу ч хэлсэнгүй.
 
Сирийн дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэг тодорхой  хандлагаа гаргах хэрэгтэй хэмээн Германы канцлер Ангела Меркель уриалав. Дамаскийн орчимд химийн хорт бодис хэрэглэсэн нь “эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдийн эсрэг хийгдсэн аймшгийн гэмт хэрэг” хэмээн наймдугаар сарын 26-нд ХБНГУ-ын Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгджээ.

Сирийн дэглэмийн үйлдлийг “хоригийг зөрчсөн” мөн химийн зэвсгийг хориглох олон улсын конвенцийг үл тоосон хэрэг хэмээн Зайберт нэрлэв. Гэхдээ тэрээр Барууны орнуудын Сирийн дотоод хэрэгт цэргийн хүчээр оролцох боломжийн талаар чимээгүй өнгөрлөө.

Энэ талаар Их Британи, Францтай ажиллагаагаа зохицуулах тодорхой алхамуудын талаар зөвлөлдөж байгааг тэр хэлжээ. Химийн довтолгоон хийгдсэн районд НҮБ-ын шинжээчдийг хэтэрхий орой оруулж байна хэмээн Штеффен Зайберт  Сирийн дэглэмийг буруутгалаа. Уг хэргийг Сирийн дэглэм үйлдсэн гэх эргэлзээ Германд байхгүйг тэр онцлов.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж