Хойд Солонгос анхааруулах мэдэгдэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос анхааруулах мэдэгдэл хийв

Солонгосын хойг дахь байдал намжаад буй энэ үед Өмнөд Солонгос болон АНУ хамтран дахин цэргийн сургуулилт хийж буй нь өнгөрсөн дөрөвдүгээр сард үүссэн дайны нөхцөл байдлыг дахин сэдрээж магадгүй гэнэ. Энэ тухай Хойд Солонгосын Үндэсний батлан хамгаалах хорооны албаны хүн өнөөдөр мэдэгдэж, АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт нь хоёр Солонгосын хооронд байгуулсан гэрээг цуцлахад хүргэж болох тухай анхааруулжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унын даргалдаг аюулгүй байдлыг хангах хорооноос хийсэн мэдэгдэлд “АНУ болон Өмнөд Солонгос ‘маш аюултай дайны тоглоомоор’ наадаж байна. Энэ нь эргээд Пхеньяний зүгээс ‘цөмийн цохилтоор’ хариу барихад турхирч байна” гэсэн байна.

Хойд Солонгос нь АНУ болон Өмнөд Солонгосыг хамтарсан цэргийн сургуулилт хийх бүрт сүрдүүлж, заналхийлсэн мэдэгдэл хийдэг бөгөөд энэ удаагийн хамтарсан цэргийн сургуулилтанд нэлээд хүлцэнгүй хандаад байсан юм. Гэвч эцэст нь Хойд Солонгосын талаас ийнхүү БНСУ болон түүний холбоотон АНУ-д хандан сүрдүүлэг мэдэгдэл хийсэн нь одоо үргэлжилж буй хоёр Солонгосын хоорондох хилийн асуудлаарх төсөлд давуу тал олох гэсэн оролдлого байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан “Ulchi Freedom Guardian” нэртэй цэргийн сургуулилт өдгөө 10 дахь өдрөө үргэжилж байгаа бөгөөд маргааш дуусгавар болох юм. Холбоотон орнуудын хамтарсан цэргийн сургуулилтанд хоёр талаас 80 мянга цэрэг оролцож байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж