ШӨХТГ-ыг татан буулгая

Хуучирсан мэдээ: 2013.09.01-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ыг татан буулгая

Өнгөрсөн лхагва гаригт таксины үнийг 1000-1500 төгрөг болгоно хэмээн О.Магнай дарга цочирхон мэдэгдсэн нь олон нийтийг мэл гайхашруулаад авлаа. Уг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга гэсэн гоёмсог сэтрээс нь харсан ч, нэгэн цагт иргэний хөдөлгөөний удирдагч явсных нь хувьд ч тэр О.Магнайгийн амнаас ийм үг гарах ёсгүй байв. Ажлаа мэддэг, асуудлаа ойлгодог хүн арай ч ийм мэдэгдэл хийхгүй байсан нь лавтай.

Зах зээл дэх монополийг халж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаал гэж түүнийг татвар төлөгчид цалинжуулдаг болохоос тэр такси компанийн захирал биш билээ. Гэтэл хэвлэлийнхнийг өмнөө суулгаж, өөрийгөө үе, үехэн рекламддаг түүний огцом, осолттой шийдвэрүүдээс болж хэрэглэгчид хэлмэгдчих гээд байдаг боллоо.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хийх ажил бишгүйдээ нэг байна. Орон сууцны үнийн хөөрөгдөл, хил гаалиар орж ирж байгаа чанаргүй эм, хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан тог, усны хязгаарлалт гээд  хэрэглэгчийн эрхийг хөндсөн шалгах цэгцлэх ажил мундахгүй байсаар байтал  хэдхэн такси компанийн эрх ашигт үйлчлэх нь өөрийгөө хэр ёс суртахуунтай хүн бэ гэдгээ харуулах шиг боллоо. Үүгээр ч зогсохгүй хувийн машинаараа таксинд явж, амь амьдралаа залгуулдаг жолооч нарыг журамлана, цэгцэлнэ гэж айлгах болсон О.Магнай дарга “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэн шиг эгээтэй л энэ ертөнцийн хаан болчихсон юм шиг аашилж байна. Иргэний хөдөлгөөний удирдагч байсан үеэ мартсан уу, эрх мэдэл өнгө мөнгөнд мансуурсан уу, таксины үнийг нэмэх түүний цочир мэдэгдэл өөрт нь оноосон үүрэг, хүлээсэн хариуцлагатай нь зөрчилдөж буйг ухаарч байгаа болов уу. Хоёр, гурван телевизэд өгсөн ярилцлагаас нь харахад иргэдийн өмнө санаа зовсон шинжгүй харагдана лээ. Үйлчилгээг нь сайжруулахын тулд үнийг нь өсгөхөөс өөр арга зам байхгүйг тайлбарлаж суугаа энэ хүн аль нэгэн такси компанийн борлуулт хариуцсан менежер шиг санагдсаныг нуугаад яахав. 

ШӨХТГ-ын даргаар томилогдсоных нь дараа О.Магнайд олон хүн алга ташин баяр хүргэсэн. Харин одоо тэр “Би дандаа алга ташуулах ёсгүй” хэмээн аархах болжээ. Энэ хүн шинэ албанд томилогдсоноос хойш олон асуудлыг шийдвэрлэж, олон гомдол барагдуулсан гэсэн /Өөрийнх нь телевизийн ярилцлагад орох үеэр хэлсэн үг шүү/. Үнэндээ өнгөрсөн хугацаанд тэр хэрэглэгчдэд ямар гавьяа байгуулсныг санах хүн бараг гарахгүй байх. Харин гай тарих дөхнийг бол гадарлаж байна. Өнгөрсөн өвөл үүрэн телефоны компаниудтай хийсэн заргаас нь болоод хэрэглэгчид золтой л хэлмэгдэлгүй өнгөрсөн. Ярьсан яриаг минутаар биш секундээр тооцохыг даалгасан хурган даргын хийрхэлийг хэрхэн хязгаарлахаа цаадуул нь тэнэг биш юм болохоор гадарлалгүй л яахав. Секундыг хоёр төгрөгөөр тооцсон бол О.Магнайгийн өөрийнх нь ч ярианы төлбөр хоёр дахин нэмэгдэх байсан.

Хэдхэн хоногийн өмнө дүрэмт хувцасны асуудлыг сөхөж, дөвчигнөснөөс болоод мөрөөрөө яваа ажлыг бараг л самрах дөхсөн. Түүний оролцсон, гаргасан асуудал, шийдвэр болгон хэрэглэгчийн эрх ашгийг зөрчдөг болохоор түүнийг одоо “баавгайн тал”-д худалдагдсан нь гэж үзэхээр байна. Иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө Иргэний хөдөлгөөний удирдагч хийж явсан түүний эцсийн зорилго энэ байсан юм гэж үү. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг. О.Магнай маргааш махны үнийг нэмнэ гээд зогсч байвал олон хүн гайхахгүй биз.

Иргэд бухимдаж байна. Ганцхан жишээ татъя.

Нэгэн эрхэм фэйсбүүктээ "Урлагийн бүх тоглолт ижилхэн үнэтэй байх ёстой. Яг адилхан зааланд, яг адилхан тайзан дээрээс яг адилхан техник гэрэл ашиглан хийж байгаа учраас, жишээ нь төрийн мэдлийн соёлын төв өргөө гэх мэт газруудад хийж байгаа бүх тоглолтыг адилхан үнэтэй болгох нь шударга ёс. Нэг литрийнх л бол “Алтан чингис”, Хар чингис” гээд ямар үйлдвэрийнх байх нь хамаагүй Монгол Улсад нэг литр архи 20 мянган төгрөг байх ёстой” хэмээн бичжээ. О.Магнайгийнхаар бол зах зээлийн хууль ийм байх ёстой юм байх. Хүлээсэн үүрэг, үндсэн зорилгынхоо эсрэг ажилладаг ийм байгуулагыг тэжээх гэж бид татвар төлдөггүй. Тэгэхээр ШӨХТГ-ыг татан буулгая.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж