Домог бүтээх “Домог”-ийнхон

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

Домог бүтээх “Домог”-ийнхон

Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртэж, аварга болсон “Домог” хамтлагийнхан болон бусад уран бүтээлчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тэднийг урлагийнхан, найз нөхөд, гэр бүлийнхэн нь угтан авч, “Халуун элгэн нутаг”-аа дуулан тоссон юм.

Дэлхийн язгуур урлагийн академи, Дэлхийн язгуур урлагийн наадмуудын ассоциаци, Европын язгуур урлагуудын наадмын ассоциацаас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулагдсан энэхүү тэмцээн өнөө жил гурав дахь удаагаа болжээ. Жил бүр олон үндэстний дуу хөгжмийг нэгэн дор эгшиглүүлдэг энэхүү тэмцээн Болгарын эртний түүхт хот Несебар болон Бургас хотуудад зохион байгуулагддаг юм байна. Несебар бол эртний түүх, соёлын өвийн дурсгалыг хадгалж үлдсэн гэдгээрээ ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн, хар далайн эрэгт байх жижиг хот. Энэ удаагийн тэмцээнд нийт 24 орны 98 хамтлаг, чуулга оролцжээ. Манай уран бүтээлчдийн хамгийн гол өрсөлдөгчид нь Армений дуучид, Гүржийн бүжигчид, Индонезийн чуулга байсан бөгөөд тэмцээний шүүгчид шилдгийг шалгаруулах тун амаргүй байгааг тэмцээний үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байсан гэнэ.

Монголын уран бүтээлчид морин хуурын гайхамшигт аялгуунаас гадна, уран нугаралт, хөөмий, цамын бүжиг, бие биелгээ, уртын дуу, ардын богино дуунаас бүтсэн цогц тоглолтуудыг үзүүлсэн юм. Нийтдээ зургаан удаагийн тоглолт хийсэн нь бүгд өөр өөр найруулга, тавилт, өнгө аястай байсан нь шүүгчдийн анхаарлыг татах чухал үзүүлэлт болжээ. Ийм өөр өөр тоглолтуудыг найруулж тавьж, өвөрмөц тавилтуудыг тайзнаа сонирхуулж, өөрийн үндэсний урлагийг гадны хүмүүст сонин содон байлгаж чадсаныг нь үнэлэн “Домог” чуулгын найруулагч Төрийн шагналт Д. Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас “Маэстро” цол олгохоор шийдвэрлэсэн байна. Үүний батламжийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамаар дамжуулан олгох ажээ. “Домог” чуулгын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Домог” хамтлагийн хөгжчимдөөс гадна Улаанбаатар чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид болох Д.Баярт, Б.Норовбанзад, Г.Наранцэцэг, “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, мөн уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа нар багтсан юм.

Чуулгын төрлөөс гадна “Домог” хамтлагийн хөгжимчид тусдаа дан хөгжмийн төрөлд мөн өрсөлдөн, дэлхийн аваргын тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн юм байна. Тэмцээний шүүгчид морин хуурын хөг аялгуу, хүч чадлыг бахархан үнэлжээ. Энэхүү тэмцээнд Монголын уран бүтээлчдийг оролцуулах, тэмцээний зохион байгуулагчидтай холбоо тогтоох зэрэг ажлыг “АртЛар Хаус” урлагийн консалтингийн компаниас хийсэн байна. Тэд мөн өмнө нь “Домог” хамтлагийн уран бүтээлчдийг Австри улсын Вена хотноо Франц Шубертийн хөгжмийн консерватороос зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаанд оролцуулах төсөл дээр ажиллаж байсан туршлагатай.

"CОЧИ-2014" өвлийн олимпийг чимэх урлагийнхнаа дэмжье

Авьяаслаг уран бүтээлчдийнхээ тухай бас нэгэн баярт мэдээ дуулгахад, ирэх онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалтад Монголоос ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн”, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн нугараачийн үзүүлбэр амжилттай оролцож байна.

Сонгон шалгаруулалтын нэг гол үзүүлэлт нь онлайнаар авах санал асуулга тул Та бүхэн Монголынхоо уран бүтээлчдийг дэмжин, олимпийн нээлтийн ёслолыг монгол хүний авьяасаар чимэхийн төлөө саналаа өгөхийг уриалж байна.

Доорх холбоосонд ямар бүтээлийг ямар сайт руу орж, хэрхэн санал өгөх тайлбарын хамт байрууллаа.

Youtube: Уран нугаралт. Г.Ням-Гэрэлийн дэглэлт

Youtube: Домог-Түмэн Агтны Төвөргөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж