Алслагдсан суманд бүсийн форум боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Алслагдсан суманд бүсийн форум боллоо

Сумдын эмнэлгийг Эрүүл мэндийн төв болгон өөрчилсөн нь нийт хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсролыг түлхүү олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн талаар  далайцтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардах боллоо. Үүнтэй уялдуулан Ховд аймгийн Мөнххайрхан суманд “Хүүхэд-Нийгмийн эрүүл мэнд” сэдэвт Баруун бүсийн форум болж өнгөрлөө.

Форумыг Ховд аймгийн болон Мөнххайрхан сумын захиргаа, Эрүүл мэндийн салбарын байгууллагууд, Норвегийн тусламжийн байгууллагын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2” төслөөс хамтран зохион байгуулж, Баян-өлгий, Говь-алтай, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтэн, сумдын эрхлэгч эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын  төлөөлөл 120 гаруй хүн оролцлоо.

Баруун бүсийн аймгуудад эх хүүхдийн өвчлөл нас баралтын түвшин улсын дунджаас өндөр байгаа нь анхан шатанд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын хүүхдийн эрүүл мэндийг дэмжих талаарх үйл ажиллагааг сайжруулахыг шаардаж байна. Иймд тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцсоноор иргэдэд ялангуяа  хүүхдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад гол түлхэц болно гэж форумыг зохион байгуулагчид үзэж байна.

Форумд оролцсон салбарын яамны мэргэжилтнүүд болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн удирдлагууд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх Нийгмйин Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эмч мэргэжилтний анхаарах асуудал, хүүхдийн өвчлөл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. Харин оролцогч аймгуудын эмч мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааг хэрхэн түгээж байгаа талаарх шилдэг туршлагаас харилцан солилцож, цаашид хэрхэн яаж ажиллах талаар санал  зөвлөмж гаргаж, өөрийн аймаг орон нутагтаа хэрэгжүүлэхээр боллоо. 

Форумын үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Г.Соёлгэрэл хэлэхдээ “Хүүхдийн эрүүл мэнд гэдэг нь хүүхдээ асран хамгаалах эцэг эхийн дадал зуршил, эмнэлэгийн ажилтны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний ур чадвар ,эмнэлэгийн байгууллагын чадавхи гэсэн үндсэн гурван зүйлийн цогц бүрдэж байж л бий болдог. Судалгаанаас үзэхэд насанд хүрэгчдийн архаг хууч өвчлөлийн 60 орчим хувь нь хүүхэд байхдаа олсон өвчин эмгэгээс шалтгаалсан байдаг. Хүүхдийн эрүүл мэндээс хүн амын эрүүл мэнд хамаарна. Ийм учраас эмч эмнэлэгийн ажилтнууд маань хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдлэгтэй чадвартай сэтгэлтэй байвал нийгмийн эрүүл мэнд сайжрах учиртай” гэлээ.  
 
Норвегийн тусламжийн байгууллагын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2” төслийн удирдагч С.Баяржаргал хэлэхдээ “Манай байгууллага 8 дахь удаагийн форумаа хийж байна. Манай форумын гол зорилго нь баруун 3 аймгийн адил төстэй мэргэжилтнүүд туршлагаа солилцох, үйл ажиллагаандаа судалгаатай хандаж, цаашдын зорилт зорилгоо тодорхойлоход оршиж байна. Манай оролцогчид болон зохион байгуулагчид форумаас форумд туршлагажиж байна. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тогтвортой байдлыг хангахад төслийн зүгээс бүх талын туслалцаа үзүүлсний үр дүнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирч байна. Үүний үр дүнд үйлчилгээний орчин үеийн стандартад нийцсэн нийгмийн эрүүл мэндийн, сувилахуйн, багийн үйлчилгээний загвар төвүүдийг бий болсон нь сайшаалтай” гэж хэллээ.     

Тус форумын үеэр илтгэлийн уралдаан зарлаж дүгнэхэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын ЭМТ-ийн НЭМ-ийн ажилтан С.Бат-Орших, Ногооннуур сумын ажилтан Б.Болысхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ажилтан Ш.Цагаач нар эхний гурван байрыг эзэллээ. Харин Ховд аймгийн Буянт сумын С.Болатбек, Чандмань сумын Г.Мөнхтуяа нарын илтгэлд тусгагдасн асуудлыг тэргүүн туршлагаар  шалгаруулсан байна.

Форумд оролцогчдын оролцоог шалгаруулахад Ховд аймгийн НЭМ-ийн ажилтнүүд түрүүлж, Говь-Алтай аймгийн НЭМ-ийн ажилтнууд шинэ санаачлагатай багаар шалгарчээ.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж