Шинэ төмөр замын угсралтыг ирэх онд эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр замын угсралтыг ирэх онд эхлүүлнэ

Монголчууд анх удаа төмөр замаа өөрсдөө барихаар томоохон бүтээн байгуулалт эхлүүлээд байгаа. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой болсноор 5600 орчим км төмөр зам барихаар шийдвэрлэсэн юм. Эхний ээлжинд Ухаан худаг-Гашуун сухайтын чиглэлийн 267 км төмөр зам барихаар болж, далан шорооны ажил эрчимтэй явж байна.

Ухаа ху­даг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын далангийн ажлыг дотоодын 12 компанийн 1100 гаруй ажилчин, 600 гаруй техникийн хүчээр урагшлуулж байгаа юм. Ажил 40 орчим хувийн явцтай байгаа талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ хэлэв. Газар шорооны ажлын 90 орчим хувийг энэ жилдээ хийж гүй­цэтгээд дараа жилээс замын дээд бүтцийн угсралтыг эхлүүлэх юм байна. Шинэ төмөр замын ажлын ерөн­хий гүйцэтгэгчээр ажиллаж буй БНСУ-ын “Samsung C&T” компанийн уг төслийн удирдагч Ли Жон Ёлоос цөөн асуултад хариулт авлаа.

-“Шинэ төмөр зам” төслийн ажлын явц ямар байна вэ?

-“Шинэ төмөр зам” төслийн ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн. Есдүгээр сарын сүүлээр 48 хувь, аравдугаар сарын сүүлч гэхэд газар шорооны ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Танай компани өмнө нь гадаадын орнуудад төмөр замын хэдэн төсөл хэрэгжүүлж байсан бэ. Монголд төмөр замын угсралтын ажил хийхэд хүндрэлтэй асуудал гарч байна уу?

-“Samsung” группийн төмөр замын барилга угсралтын охин компани 1970 онд байгуулагдсан. Монгол Улсад төмөр замын угсралтын ажлыг анх удаа хийж байна. Бид өмнө нь Австрали, Тайвань, Солонгос гэх мэт оронд төмөр замын ажил хийж байсан.

Манай компани энд анх удаа төмөр замын угсралтын ажил хийж байгаа учраас байгаль, цаг агаарын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байсан. Мөн Монголд төмөр замын барилга угсралтын мэргэшсэн инженерүүд цөөн юм байна. Тиймээс “Samsung” корпорацынхан Монголд ирээд Төмөр замын дээд сур­гууль төгссөн оюутнуудыг сур­гаж, төмөр замын барилга угсралтын технологиудаас зааж байна.

-Энэ жил газар шорооны ажлыг хийж байна. Дээд бүтцийн угсралтын ажлыг яг хэзээнээс эхлүүлэх вэ?

-Энэ онд газар шорооны ажлын 90 орчим хувийг дуусгахаар төлөвлөж байгаа. Ингээд ирэх оны тавдугаар сараас төмөр замын угсралтын ажил эхэлнэ. Ингээд 2015 оны аравдугаар сар гэхэд Ухаа худаг-Га­шуун сухайтын чиглэлийн төмөр зам ашиглалтад орно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж