Хуучирсан мэдээ: 2013.09.15-нд нийтлэгдсэн

“Blue” хамтлагийн тоглолт товлосон цагтаа, товлосон өдрөө болсонгүй.

Цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг зургаан цаг хүлээлгэсэн “Blue” хамтлагийн “тоглолт” ганцхан дуу дуулснаар өндөрлөв. “Sorry seems to be the hardest word”… “Уучлаарай гэж хэлэх хамгийн хэцүү бололтой” хэмээн дуулдаг тэдний хит дуу энэ үдэш тэдний сэтгэлийн толь болсон юм.  Тив алгасан Монголд хөл тавьсан дэлхийн хамтлаг алс орны фенүүдийнхээ сэтгэлийг гонсойлгохгүй гэсэндээ техникийн саатлыг үл анзаарч, хөгжимгүйгээр амьд дуу хоолойгоо сонсгов. Өсгөгчийн дуу орж гарч, микрофоны ажиллагаа тасалдаж байсан ч “Blue”-гийн уянгалаг хоолой мэргэжлийн студид, чанарын өндөр төвшинд бичүүлсэн CD дээрх бичлэг шигээ ориг сонсогдов. Чихэнд хоногшиж, сэтгэлд шингэсэн тэр аялгуу задгай цэнгэлдэхэд, хасах хэмийн хүйтэнд зургаан цаг гаруй хүлээсэн мянга мянган фенүүдийнх нь сэтгэлийн жаврыг ул мөргүй арилгачихав. Гэхдээ тэд маргааш /өнөөдөр/ бидэнтэй уулзахаа амласан. Тэдний өөрсдийнх нь санаа энэ байсан тул тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс төлөвлөөгүй техникийн саатал, гэнэтийн энэ нөхцөл байдлыг маргааш /өнөөдөр/ гэхэд бүрэн засварлаж, жинхэнэ шоу мэдрүүлэхээр ам өгч, хүлцэл өчив. Ингэхдээ тасалбар худалдан авсан бүх фенүүдийнх нь өмнө цэнгэлдэхийн үүд нээлттэй, тэр тусмаа та тасалбар худалдан авсан бол нэг найзыгаа дагуулаад очиж болно. Нэг тасалбараар хоёулаа орно гэсэн үг. Тоглолт 19.00 цагт эхэлнэ.

Урьд урьдынхаасаа ч илүү хүлээлт үүсгэчихлээ, тэд. Гэхдээ маргааш /өнөөдөр/ “Blue”-тэй жинхэнээсээ уулзана гэдэг хамгийн гоё мэдээ…

С.ЦЭЛМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж