Турк Сирийн нисдэг тэргийг буудаж унагаажээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Турк Сирийн нисдэг тэргийг буудаж унагаажээ

Туркийн арми өчигдөр агаарын орон зайд нь орж ирсэн Сирийн нисдэг тэргийг буудаж унагаасан байна. Туркийн Ерөнхий сайдын орлогчийн мэдээлснээр Сирийн “Mi-17” нисдэг тэрэг өчигдөр өдрийн 14:30 минутын орчимд тус улсын өмнөд хэсгийн Хатай мужийн хилийг даван агаарын орон зайд нь орж ирсэн ба нисдэг тэрэг анхааруулах мэдэгдлийг хүлээж аваагүй тул хоёр ширхэг “F-16” байлдааны онгоц илгээн гал нээжээ. Туркийн талаас агаарын орон зайд нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн нисдэг тэргийг буудсаны дараа нисдэг тэрэг Сирийн хилийг даван унаж, осолдсон байна. Туркийн зүгээс энэ хэргийн талаарх мэдээлэл, баримтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун болон Аюулгүйн зөвлөл, НАТО-д танилцуулна гэдгээ мэдэгджээ. Харин үүний хариуд Сирийн армийн албаныхан Туркийг “яаруу” арга хэмжээ авсан хэмээн буруутгасан байна. Сирийн албаныхны мэдэгдснээр “Mi-17” нисдэг тэрэг Туркийн армийн анхааруулах мэдэгдлийг хүлээж аваад буцаж, эргэх завдалгүй тус улсын зүгээс “террорист” гэж үзэн гал нээсэн гэнэ.

Турк нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг шүүмжлэгч орнуудын нэг бөгөөд Сиритэй 900 км газар нутгаар хиллэдэг байна. Түүнчлэн Сирид өнгөрсөн 2011 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг буулгахын төлөөх бослого, үймээн эхэлснээс хойш тус улсын олон мянган иргэн Турк руу дүрвээд байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж