Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Театрт тавтай морил

Драмын театрт маргааш шинэ жүжиг нээлтээ хийх гэж байна. “Эцсийн зогсоол зөвхөн чи” хэмээх инээдмийн жүжгийн нээлттэй холбогдуулан тус театрын уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээж буй уг жүжгийг Н.Наранбаатар найруулжээ. Жүжгийн нээлт маргааш орой /09.20/ 20:30 цагаас болох аж. Жүжгийн ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир ажилласан бол гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Т.Хулан, Л.Дэмидбаатар нар тогложээ. Мөн жүжүгийн дүрүүдэд С.Сарантуяа, Б.Отгонбат, Д.Баттөмөр, Ц.Цэрэнболд, Ц.Баясгалан, Ц.Төмөрхуяг, Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, Б.Тамир, М.Тогтохжаргал, Б.Одончимэг болон театрын залуу уран бүтээлчид тоглосон байна. Тус жүжгийг аравдугаар сарын 10-ныг хүртэл тайзнаа тавих аж.

Найруулагч Н.Наранбаатараас уг жүжгийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Та өмнө нь хэд хэдэн эмгэнэлт жүжиг дээр ажилласан. Энэ удаа онцлог нь юу байв?

-Найруулагч хүн инээдмийн, эмэгнэлт, зөгнөлт гээд бүхий л төрлийг жүжиг найруулдаг байж гэмээнэ сая өөрийгөө найруулагч гэж үзэх байх. Тэр утгаараа инээдмийн жүжгэн дээр ажиллахад манай жүжигчдийн хувьд ч, миний хувьд ч нэг хүндрэл гараагүй гэж хэлж болно. Жүжигчид маань маш чадварлаг тоглосон.

-Энэ жүжгээрээ нийгэмд ямар мессеж хүргэхийг зорьсон бэ?

-Нийгэмд хамгийн их анзаарагддаг хирнээ хамгийн анзаарагддаггүй гэж хэлж болох энгийн сэдвийг хөндсөн. Инээдмийн, эмгэнэлт жүжиг. Хүн хувиа бодож, довоо шарлуулаад явах нь зөв үү, эсвэл нийтэч байж, нийгэм дундаа амьдрах нь зөв үү гэдэг утга санааг бид олж харахыг хүссэн. Нийгмийн амьдралын асуудлыг нийгмийн хамгийн бага нэгжээр илэрхийлсэн гэр бүлийг харилцааг хөндөнө. Гэр бүл гэж юу юм бэ. Ямар харилцаан дээр бид алддаг вэ гэхчлэн. Гол нь залуучууд маань анхаарлаа хандуулж, үзэж сонирхоосой гэж бодож байна. 

-Драмын жүжиг дотроо олон төралтэй байдаг. “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг ямар төрлөөр хийгдсэн бүтээл юм бол?

-“Stage desing” төрлөөр хийгдсэн бүтээл. Энэ төрлийн онцлог нь тайзны жүжигчдийн ур чадварыг шаардсан байдаг. Хувь хүн бүрээс маш нарийн жүжиглэлт шаарддаг төрөл гэх үү дээ. Гамлет бол “Станаграф” буюу гол үйл явдалд тулгуурлан өрнөдөг, сонгодог шийдэл шаардсан төрөл шүү дээ.

-Рей Кунигийн зохиолыг яагаад сонгов

-Рей Куни бол инээдмийн жүжгийн хаан хэмээн нэрлэгддэг алдартай зохиолч. Түүний зохиолууд, тэр дундаа одоо бидний жүжиг болгон тавьж байгаа “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг тайзнаа тавиагүй улс гэж бараг байдаггүй. Тухайн улсад тоглогдож байгаа жүжгүүд нь улсын театрын хөгжлийг тодорхойлдог. Тэр утгаараа бид энэ зохиолыг сонгосон. Нийгэмд хамгийн их эмзэглэл, эмгэнэл төрүүлж байгаа сэдвийг сонгож авах нь уран бүтээлчдийн нийгэмд нөлөөлөх гол үүргийн нэг шүү дээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж