Монгол, Хятадын сэтгүүлчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын сэтгүүлчид чуулж байна

Монгол, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн IV форум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотноо болж байна. Форум энэ жил “Хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл, шинэ хамтын ажиллагаа-Интернэт сүлжээний эрин дэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөгжлийн боломж, өрсөлдөөн” сэдвээр болж буй бөгөөд хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцож байна. Хуралд Монголыг төлөөлж, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдлагууд, гишүүд, Монголын сайтын холбоо, МСЭ-ийн Орхон аймаг дахь салбар, “Ньюс агентлаг”-ийн төлөөллөөс оролцож байна. Хурлын үеэр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Бай Юйган “Амар тайвнаар хөгжих мөрөөдөлтэй Хятад орны хувьд, Монголын сэтгүүлзүйн салбартай хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Цаашдаа хамтын ажиллагаагаа илүү өндөр төвшинд хүргэхийн тулд энэ форумаас хоёр орны зарим бодлогын шинэчлэл, арга замыг хайна гэж бодож байна” хэмээн онцлон хэлээд, улсынхаа тухай танилцуулсан юм.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид хуралд хүрэлцэн ирээгүй ч Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишигээр дамжуулан мэндчилгээ хүргүүлсэн. Тэрбээр “Сэтгүүлзүй нэн хурдацтай цахимжиж, мэдээллийн технологийн шинэ ололт болгон хэвлэл мэдээллийн салбарт хөгжил дэвшил авчирч,  энэ нь хэвлэл мэдээллийн зах зээлд шинэ боломж, илүү өрсөлдөөнийг бий болгож байгааг та бид энэхүү форумын үеэр нягтлан хэлэлцсэнээр шинэ гарч, шинэ шийдлүүдийг олж харах болно. Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны нэгэн бат бэх гүүр болсон хэвлэл мэдээллийн салбарынхан цаашид ч илүү үр бүтээлтэй, ойр дотно хамтран ажиллаж, илүү ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
 
Хурал өнөөдрийн туршид Бугат хотод үргэлжлэх болно.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж