Зүгээр л бүтээх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Зүгээр л бүтээх хэрэгтэй

Зүгээр л бүтээх хэрэгтэй юм байна яг Д.Одхүү шиг

Сонгуулийн синдром эхлэхээс өмнө нэгэн мэдээг хачиргүй хүргэмээр санагдлаа. УИХ-ын гишүүн асан Д.Одхүү манай аймгаас хоёр удаа сонгогдохдоо хүүхдэд илүү анхаарчээ. Аливаа зүйл харьцуулалтан дээр танигддаг гэсэн үнэн үгний цаана Д.Одхүүг одоогийн гишүүн Л.Цог, О.Содбилэг нартай “уралдуулмаар” санагдав. Учир нь Д.Одхүүгийн ачаар гэр хорооллын “гээгдсэн иргэд” интернэттэй болж, сурагчид нь автобустай боллоо. Мөн зөвхөн хүүхдэд зориулсан ордон сүндэрлэлээ. Тухайн үед /2008-2012/ Хүүхдийн ордон ашиглалтад орохгүй гэнэ, сурагчдын автобус бүтэхгүй болжээ гэхчлэн хэвлэлээр нэг шуугисан. Харин өнөөдөр гэр хорооллын мянга мянган сурагч өглөө бүр шар автобусандаа дугаарлан зогсож байгаад үйлчлүүлдэг болжээ. Ямар ч байсан өвлийн хүйтэнд нусаа хөлдтөл “муухай” микро автобус хүлээдэг байсан бяцхан үрс зөвхөн өөрсдөд нь үйлчлэх том автобустай болсондоо баяртай байна. Тэд хэлэхгүй байгаа болохоос л биш. Гэр хорооллынх гэхээрээ соёлоос хоцорч байх ёстой юм шиг олон сувгийн кабел, интернэтийн үйлчилгээ бас л байдаггүй байлаа. Гэтэл Д.Одхүүгийн санаачилгаар “Гэр хорооллыг интернэтжүүлэх төсөл” хэрэгжиж эхэлснээс үр шимийг нь хүртэж л сууна.Ямар ч байсан онлайнаар мэнд мэдэхтэйгээ боллоо. Ер нь улс төрчид нийгэмд таалагдахын тулд сайн үйл хийдэг бус ерөөсөө сайн хүн улс төрд гараасай гэж хүсч сууна. Аавынхаа нэрээр бус өөрийнхөө хүч чадлаар, намынхаа даргын нэрээр бус өөрийнхөө үзэл бодлоор улс төрд гарвал бусдыг дуурайх шаардлагагүй яг л Д.Одхүү шиг. Би ингэж л бодож байна. Яагаад гэвэл, надад, миний хүүхдэд илүү сайхан амьдрал хэрэгтэй. Тиймээс ирээдүйн төлөө өнөөдөр УИХ-д сонгогдсон гишүүдээс бид ам асуух эрхтэй. Ер нь УИХ-д гишүүнээр сонгогдсон хүнийг санаачилсан, бүтээсэн бүтээлээр нь дүгнэх үү эсвэл улс төрийн тууштай үзэл баримтлал, шударга байдал, ардчилалыг өөрөөрөө төсөөлж мэдэмхийрдэггүй зан байдлаар нь дүгнэх үү?

Ер нь “Мөнгө хүнийг эвддэг бус, эвдэрсэн хүн мөнгөнд шунадаг” гэдэгчлэн зөв үзэлтэй хүн өөрөө бүтээгч байдгийн илрэл нь Д.Одхүү юм уу даа. Нялуун бөгөөд хуурамч магтаалыг тэр хүн рүү шидсэнгүй. Зүгээр л миний амьдралд хүүхдийн автобус, интернэт, хүүхдийн хөгжлийн төв хэрэг болсон учир ингэж бичлээ. Д.Одхүү хүүхдээр сэдэв хийж хүүхдээр улс төрийн нэр төрөө өсгөж, хүүхдээр өөрийнхөө ирээдүйн зам мөрөө засаагүй гэдэг нь одоо л батлагдаж байна. Яагаад гэвэл, энэ хүний санаачилсан болгоны араас олон хүн янз бүрийн зүйл ярьж байсан. Гэтэл одоогийн гишүүн Л.Цог, О.Содбилэг нар бидний амьдралыг сайжруулахын тулд юу санаачилав гэдгийг асуумаар байна. Цаг хугацаа урсаж нэг л мэдэхэд сонгуулийн синдром эхэлнэ. Тэр үед та бүхэн “Хүүхдийн ордон”-д сурталчилгаагаа хийх үү, гэр хорооллоос интернэтэд холбогдож жиргэх үү, эсвэл сурталчилгаандаа яараад хүүхдүүдээ автобусанд нь суулгаад өөрсдийнхөө цагийг хэмнэх үү? Ингээд бодохоор бид зүгээр л бүтээх хэрэгтэй юм байна яг Д.Одхүү шиг.

Эх сурвалж: www.erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж