“Реал” талбайдаа хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

“Реал” талбайдаа хожигдлоо

Испанийн хөлбөмбөгийн дээд лиг “Примьера дивисион”-ий /Ла лиг/ долдугаар тойргийн тоглолтууд боллоо.

Долдугаар тойргийн оргил нь Испанийн нийслэл Мадрид хотын “Реал Мадрид” болон “Атлетико Мадрид” багуудын тоглолт байсан. Испанийн эзэн хааны гэгддэг “Реал” талбайдаа “Атлетико” багийг хүлээн авч, 0:1-ийн харьцаатай хожигдлоо. Мадрид хотын дерби тоглолтын хувь заяаг шийдсэн нэг гоолыг “Атлетико Мадрид” багийн мэргэн бууч Диего Коста оруулсан. Тоглолтын дараа “Реал Мадрид” багийн дасгалжуулагч Карло Анчелотти “Бидэнд засч, залруулах маш олон зүйл байна. Манай багийнхан өнөөдрийн тоглолтод довтолгоонд маш удаан оролцлоо. Талбай дээрээ хожигдоно  гэдэг маш муу байгаагийн шинж. Цаашид аваргын төлөө өрсөлдөхийн тулд бид алдаагаа хурдан хугацаанд засах ёстой. “Атлетико” энэ тоглолтод илүү байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Харин Икер Касильяс болон Шаби Алонсогийн “эзгүйд” багийн ахлагчаар тоглож буй хамгаалагч Серхио Рамос “Бид цом хүртэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөх ёстой. Бид аль болох бага алдаа гаргаж, эсрэг багтаа боломж олгохгүй байх ёстой” гэж хэлсэн байна. 

Харин “Реал Мадрид” багийн мөнхийн өрсөлдөгч Каталон үндэстний бахархал “Барселона” энэ тойрогт “Алмерия” багийн талбайд зочлон, 2:0-ийн харьцаатай хожлоо. Энэхүү тоглолтод “Барселона” багийн мэргэн бууч Лионель Месси бэртэж, хамгийн багадаа хоёроос гурван долоо хоног талбайд гарахгүй болсон байна. Хэрвээ Мессигийн гэмтэл сайн эдгэхгүй аравдугаар сарын 26-нд болох “Эл класико” буюу Испанийн “Гран дерби” “Барселона”, “Реал Мадрид” багийн тоглолтод оролцож чадахгүй болох нь.

“Атлетико” болон “Барселона” багууд энэ тойрогт хожсоноор долоо дараалан өрсөлдөгчдөө ялаад байна. Мөн нэг ч оноо алдалгүйгээр испанийн “Ла лиг” буюу “Примьера дивисион”-ийг тэргүүлж байна. 

“Ла лиг”-ийн долдугаар тойргийн тоглолтын дүн:

Реал Вальядолид 2-2 Малага
Валенсия 1-0 Раёо Вальекано
Алмерия 0-2 Барселона
Реал Сосейдад 1-1 Севилья
Реал Мадрид 0-1 Атлетико Мадрид
Осасуа 0-1 Леванте
Сельта дэ Виго 0-1 Элче
Испаниоль 0-2 Хитафе

Испанийн “Ла лиг”-ийг долоон тойргийн дараах байдлаар 21 оноотой “Барселона” болон “Атлетико Мадрид” багууд тэргүүлж байна. Харин 16 оноотой “Реал Мадрид” тэргүүлэгчдийг нэхэж байна. Мөн найман гоолтой “Барса”-гийн Лионель Месси, “Атлетико”-гийн Диего Коста нар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин “Реал Мадрид” багийн мэргэн бууч Криштиан Роналду зургаан гоол оруулснаар гуравдугаар байрт бичигдэж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж