Премьер лигийн 106 тоглогч ДАШТ-д оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Премьер лигийн 106 тоглогч ДАШТ-д оролцож байна

FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан цомын төлөө өрсөлдөж буй шилдэг 32 багийн нийт 736 хөлбөмбөгчид Өмнөд Африкийн ногоон дэвжээнд ур чадвараа гайхуулж буй энэ үед нэгэн сонирхолтой тоо баримтыг гаргажээ. Энэ нь Европын топ лигүүдээс алинаас нь хамгийн олон тоглогч Хар тивийг зорьсон тухай юм.

Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Английн топ дивизон болох Премьер лигээс хамгийн олон буюу 106 тоглогч дэлхийн аваргад оролцохоор шигшээ багийн бүрэлдэхүүндээ багтсан нь хамгийн олонд тооцогдож байна. Харин Италийн Сери А-гаас 75, Испанийн Ла лигээс 57 төлөөлөгч Хар тивийг зорьжээ.

Премьер лигийн тэдгээр 106 тоглогчоос хамгийн олон буюу 14 нь “Челси”-гийнх, түүнчлэн “Ливерпуль”-иэс 12, “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити” болон “Тоттенхэм” клубээс тус бүр есөн тоглогч багтсан байна.

Бас нэгэн сонирхолтой баримт дуулгахад, дэлхийн аваргад оролцож буй 32 багаас зургаан улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Английн лигт тоглодог тоглогчид багтаагүй гэнэ. Тэдгээр нь Герман, Япон, Хойд Солонгос, Словень болон Уругвайн баг ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж