“Монгол наадам цогцолбор”-ын санхүүжилтийг шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

“Монгол наадам цогцолбор”-ын санхүүжилтийг шийдвэрлэлээ

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын энэ онд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай,  Хөшөө босгох тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.

“Монгол наадам цогцолбор” нь Улаанбаатар хотын орон нутгийн өмчийн балансад бүртгэгдсэн эд хөрөнгө, дүрмээр хүлээсэн эрх, үүргийн дагуу нийтийн зориулалттай орон нутгийн өмчийг олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулахад талбай, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 99-р тогтоолоор “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг баталжээ.

Мөн цогцолборын даргаар П.Цогтбаатарыг томилсон бөгөөд  Засаг даргын 2013 оны А/921 тоот захирамжаар бүтэц орон тоог нь 2013 оныг дуустал 14 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосон байна. Харин энэ газрын 2013 оны үйл ажиллагааны зардал болон урсгал засвар үйлчилгээнд 162 649 700 төгрөг шаардлагатай байгаа тул уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Тэргүүлэгчдээс  хүссэн юм. Тэргүүлэгчид “Монгол наадам цогцолбор”-ыг ажлаа шуурхай эхэлж,  камержуулан хамгаалах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Мөн “Монгол наадам цогцолбор” нь оюуны хөрөнгө оруулалтын томоохон цогцолбор болно. Тиймээс цаашид нийтийг хамарсан олон үйл ажиллагаа зохион байгуулахыг анхаарууллаа. Түүнчлэн Хүй долоон худагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг Улсын комисст яаралтай хүлээлгэн өгч, нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо. Тэргүүлэгчид уг асуудлыг  хэлэлцэн баталж, тогтоол гаргасан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хөшөө босгох тухай асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар танилцууллаа.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеийн Хаант Орос улсын сайд, нэрт дипломатч, дорно дахины судлаач Иван Яковлевич Коростовецийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөө босгож, Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын Соёл Шинжлэх Ухааны төвийн эзэмшлийн талбайд буюу РЦНК-д байрлуулах саналыг Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.

Соёл Спорт Аялал жуулчлалын сайдын багцаас 85 сая төгрөгөөр санхүүжүүлэн баригдах уг хөшөө нь 6 метрийн өндөртэй байх юм.

Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар дэмжиж тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж