Н.Оргил: Би жаахан “их зантай”

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Н.Оргил: Би жаахан “их зантай”

Соёл урлаг аялал жуулчлалын яамны соёл урлагийн газрын дарга Н.Оргилтой уулзлаа. Нэг үе загварын тайзан дээр од болон гялалзаж, дараа кино урлагаар АНУ-д суралцаж, түүхэн олон кинонд дүр бүтээсэн өвөрмөц төрхтэй энэ залуу ССАЖЯ-нд газрын даргаар ажиллаж байгаа.

-Өнгөрөгч долоо хоногт манайхан олон улсын хэмжээний кино наадмыг анх удаа Улаанбаатарт зохион байгууллаа. Үүнд хичнээн орны уран бүтээлүүд орсон бэ?

-Кино наадмын үеэр нийт арван орны кинонуудыг “Тэнгис” кино театрт үнэгүй гаргасан. Олон улсын кино наадам Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь бол анхных. Францын гурван кино Сингапурь, Тайланд, Энэтхэг, Итали, Берлиний, мөн Иран, Швед, АНУ, Мексик зэрэг орнуудын дэлхийн олон улсын кино наадмуудаас шалгарсан шилдэг уран бүтээлүүдийг кино сонирхогчиддоо үнэгүй үзүүллээ. Энэ бол кино урлагийг хөгжүүлэх маш том алхамж гэж хэлж болно.

-Кино наадам  хийх эрхийг, бас энэ боломжийг яаж олж авсан юм бол?

-ССАЖЯ шинээр байгуулагдсанаар урлагийн салбарын бодлого, тэр дундаа кино урлагийн бодлого дээр түлхүү анхааран ажиллаж байгаа. Тэр ч утгаараа Монголынхоо түүх, соёл, өв уламжлалаа, Монголын нэрийг  олон улсад таниулъя гэвэл олон улсын кино наадам зохион байгуулах хэрэгтэй.Олон улсын кино наадмын зохион байгуулагч багийнхантай хамтарч ажиллах, тэднээс туршлага судлах үүднээс ажлын төлөвлөгөөнд оруулаад Нийслэлийн ЗДТГ-аас “Улаанбаатар” гэх нийслэлийнхээ нэр дээр зохион байгуулах зөвшөөрлөө аваад хийсэн. Монголын урлагийн зөвлөлтэйгээ, Францын соёлын төв, Нийслэлийн соёлын газартай хамтраад ажлаа эхэлсэн. Өөр хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлага байгаагүй.

-Цаашдаа “Улаанбаатар” кино наадам маань жил бүр болох уу?

-Энэ кино наадам маань цаашдаа өргөжөөд явбал олон улсын хэмжээний шүүгчтэй болох, олон улсын кино наадмуудын хэмжээний шагналын сантай болгох, “Улаанбаатар” кино наадамд олон улсын уран бүтээлчид оролцсоноор нэр хүнд нь өсдөг болгох төлөвлөгөөтэй байгаа.

-Гэвч та яагаад төрийн албан хаагч болчихов оо?

-Би яг энэ ажлыг авья, дарга больё гэж төлөвлөгөөгүй. Хоёр, гурван жил хувийн хэвшилд ажиллаж байгаад буцаад кино урлаг руугаа орох гэж байтал шинэ яамны шинэ сайд надад санал тавьсан. Энэ албан тушаал дээр ирж ажиллаач ээ гэж. Бусад хүмүүстэй зөвлөлдөж үзэхэд ч “Чи мэргэжлийн хүн байна. Үндэснийхээ урлагийн төлөө зүтгэх нэг боломж шүү” гэж зөвлөсөн. Урлагийн хүн учраас энэ салбараа болж бүтэхээр нь өөд татчих юмсан гэж зүтгээд жил боллоо. Кино урлаг маш хүнд нөхцөлд байсан учраас би энэ ажлын саналыг хүлээж авсан.

-Кино урлагийн унаад, хөгжихгүй удаад байна гэсэн яриа их гарах юм. Таны хувьд өөрчлөлт, дэвшил мэдрэгдэж байна уу?

-Кино урлагийн ерөнхий түвшин уналттай байж магадгүй. Яг явцын хувийг харахад бол хөгжиж л байгаа. Энэ хөгжлийг хэр хурдацтай, чанартай болгох вэ гэдэг л асуудал. Тэрнээс биш зогсонги байгаа юм бол биш. Нөхцөл байдал тааруухан байгаа нь үнэн. Үүнийг яаж сайжруулах вэ гэдэг л чухал. Кино урлагийг хууль зүйн зохицуулалттай, дэд бүтэцтэй болгох, кино театруудыг шинээр барих гэх мэт чиглэлийг бариад ажиллахад босоод л ирнэ.

Чухам яагаад кино урлаг унаж байна гэж ярьдаг вэ гэхээр уран бүтээлчдийн үнэлэмж маш бага байна. Дэлхийн түвшинд хүрэхүйц үнэлэмжгүй байгаа учраас кино урлаг уналттай байна гэж ярьдаг. Олон улсад яг цэвэр монгол уран бүтээл дэлхийн давцанд гарч харагдсан, үнэлэгдсэн юм гэвэл харамсалтай нь сүүлийн 20 жилд бараг байхгүй. Монгол уран бүтээлч оролцсон уран бүтээл байх боловч цэвэр Монголын уран бүтээл байхгүй. Заавал аль нэг улсын киночидтай хамтарч хийдэг. Тэгэхлээр л нийт урлаг маань уналтад ороод байна гэдэг нь яалт ч үгүй. Гэхдээ зогсонги бол биш. Монгол уран бүтээлчид маань хийгээд л байгаа. Гэхдээ энэ нь чанарын хангалттай түвшинд хийгдэхгүй байна даа. Тиймээс л олон улсын кино наадам хийх хэрэгтэй байсан. Яаж олон улстай хамтарч ажиллах вэ, яаж киноны санхүүг босгодог юм гээд олон тал дээр санал бодлоо солилцох зорилгоор энэ наадмыг зохион байгуулсан. Монголд ийм кино наадам маш их хэрэгтэй. Дэлхийн киноны хөгжил хаана явж байгаа юм, Монгол хаана нь байна, ямар арга хэмжээ авах вэ, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг чухал шүү дээ. Тэгээд найруулагчид, продюсерууд нь найруулагчид нь өөрсдөө ирээд санал бодлоо хуваалцсан учраас маш хэрэгтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

-Манай урлагын байгууллага болон уран бүтээлчдэд зэрэглэл тогтоох гэж байгаа гэсэн?

-Нэгдүгээрт уран бүтээлчдийн үнэлэмж нь бага. Монгол улсын соёл урлаг гэдэг бол энэ улсын хамгийн түрүүнд шийдэгдэж байх асуудлуудын нэг. Яагаад гэхлээр урлагаар дамжуулаад бид хүүхдүүдээ хүмүүжүүлдэг, соёл урлагаар бид хойч үе өв уламжлалаа үлдээдэг, Монгол Улс монголоороо хөгждөг. Хэрвээ урлагийн хөгжил явах ёстойгоороо явахгүй бол Монголын хөгжил хаашаа эргэж эхлэх вэ? Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддах ёстой асуудал. Гэтэл соёл урлагийн ажилчдын үнэлэмж нь багш, эмч нарынхаас бага байдаг юм байна. Тэтгэврийг нь маш багаар тогтоогдог. Ингэхээр бид нар тэр хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байна. Өөр ямар ч арга байхгүй. Хуулинд өөрчлөлт оруулдаг явц өөрөө их удаан байдаг. Тиймээс бид театрууд дотроо ч юм уу, соёл урлагийн байгууллага дотроо зэрэглэл тогтоох нь уран бүтээлчдээ урамшуулах бас нэг арга зам юм болов уу гэж харсан. Миний зүгээс бүх урлагийн байгууллагын удирдлагуудад зэрэглэл тогтоох, уран бүтээлчдээ урамшуулж байх, уран бүтээлчдээ үнэлэмжтэй болгох зорилготой. Зүгээр нэг бүжигчин байсан ч түүнд өөрийн гэсэн үнэлэмж байх ёстой шүү дээ. Манай яам байгуулагдсанаас хойш бид том тоглолтууд их зохион байгуулсан. Энэ тоглолтууд дээр ажилласан уран бүтээлчдийг харамгүй урамшуулсан. Ер нь бололцооны ашиг орлого олж байгаа шоунд оролцож байгаа уран бүтээлчдийн үнэлэмжийг нэмэх зорилгоор ажиллаж байгаа. Ер нь их сайн санхүүжүүлэх аргаар ажиллаж байна. Хамгийн бодитой арга энэ. Дунд нь зэрэглэл үүсгээд цалингаа авахад нь зэрэглэлээр нь нэмэгдэл ороод ирдэг.  Тэгэхгүй бол өдөржин шөнөжин ажиллаад л 400 мянган төгрөг авдаг. Тэдний ажлын цаг, хийж байгаа ажлын хажууд маш бага цалин.Энэ тогтолцоог л болиулах санаатай байгаа юм.

-Кино үйлдвэрийн асуудал юу болж байгаа вэ? Киночдын дунд байгаа том асуудлуудын нэг бол тэр зүйл шүү дээ?

-Би н.Солонго даргатай уулзаж ярихад “Надад бүх юм байгаа. Байх ёстойгоороо байгаа” гэж ярьдаг. Киночид маань болохоор эсрэг юм ярьдаг. Ер нь бол н.Солонго дарга их гоё үг хэлсэн. “Киночдын хоорондын маргаан надаар төгсөөсэй” гэж. Нас намбатай, ухаантай үг. Би ч гэсэн тэгж л ерөөмөөр байна. Төрийн өмчийн хороо энэ асуудлыг шийдвэрлэж байгаа, кино үйлдвэрийн асуудлыг тэд нараас асуувал илүү сайн мэдэх байх. Манай яаманд харъяалагддаггүй учраас бидэнд тийм ч тодорхой мэдээлэл байхгүй.

-Энэ жилийн хувьд ССАЖЯ ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

-Энэ он ер нь төгсгөл рүүгээ хандаж байна. Төлөвлөгдсөн ажлууд маань ч хийгдээд дуусч байна. Одоо үлдсэн ажил гэвэл хүүхдийн зохиолын уралдаан зарласан байгаа. Одоогийн байдлаар 40 зохиол бидэнд ирсэн. Бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ батлаад эдгээр 40 зохиолоос сонгон шалгаруулна. Ингээд сонгон шалгаруулсан бүтээлүүдээ санхүүжүүлнэ. Хүүхдийн уран бүтээлийг дэмжих үүднээс бид ийм ажлыг хийж байгаа. Оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах, урамшуулах гэж бас чухал ажил бий. Монголынхоо нэрийг гадаадад гаргасан, амжилттай яваа уран бүтээлчдийг шагнах урамшуулах ажил зохион байгуулах учиртай. Улсын санд хөгжмийн, киноны, уран зургийн бүтээлүүдийн дээжсээс жил бүр худалдан авдаг. Эдгээр ажлуудаа хийхээр ажиллаж байна даа.

-Шалгарсан хүүхдийн уран бүтээлүүдийг хичнээн төгрөгөөр санхүүжүүлэх вэ?

-Хүүхдийг уран бүтээлийг Засгийн газрын тогтоолын дагуу жилд дор хаяж 150 саяар төсөвлөгддөг. Шагналын сан, зохион байгуулалт, гээд бүх зүйл энэ дотроо орчихсон байдаг. Тэгэхээр бид 40 зохиолоос хүүхэлдэйн кино олон ангит кино, уран сайхны кино, жүжиг тавих гэх мэт олон санаа гарч ирэх байх гэж найдаж байгаа.

-Таныг дарга болоод их завгүй, бас их зантай болчихсон гэж ярих юм?

-Энэ аягүй сонин зүйл. Намайг бүр жаахан хүүхэд байхаас эхлээд намайг дагасан яриа байгаа юм. Цэцэрлэгт байхдаа л “их зантай” гэж дуудагддаг байсан, одоо хүртэл тэгж  яригдаж л байна. Нээрээ ч би жаахан их зантай байж ч магадгүй. Засрах гэж их хичээдэг. Гэхдээ яагаад тэгж яригдаад байдаг юм бол, гаднаас нь харахад их зантай харагддаг юм болов уу. Уг нь би их олон найз нөхөдтэй, хар багаасаа л үерхэж байна. Зүгээр л гаднаасаа л тэгж харагддаг байх аа.

-Сүүлийн үед таныг Ц.Оюунгэрэл сайдтай их ойрхон байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Байнга л хамт явдаг гэж…?

-Соёл урлагийн сайд бид хоёр хамт байхгүй гээд би яах ёстой вэ. Хүмүүсийн хэлдэг комментуудыг бодоод төрийн ажлыг хойшлуулах ёстой юу? Үгүй л байх л даа. Бид хоёр чинь нэг албан байгуулгад ажилладаг хүмүүс, энд тэнд цуг харагдах нь тодорхой асуудал шүү дээ. Интернетээр гүтгэлгийн чанартай мэдээлэл их бичдэг юм байна лээ. Хэрвээ байнга бичээд байх юм бол хуулийн байгууллагад л хандах байх даа. Гэхдээ тэгэх хэрэг байна уу даа. /Инээв/

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж