Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийслэлийн захиргаанаас багагүй ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг залуус зохион байгуулж, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөсөн бол зарим дүүргүүд иргэдэдээ нээлттэй үйлчилсэн. Тэгвэл өнөөдөр “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” өдөрлөгийг  нийт найман цэгт зохион байгуулж буй бөгөөд Чингисийн талбайд хамгийн том хэмжээний худалдаа болж байна. Энэ үеэр нийслэлийн бүтээн байгуулалт болон ойн хүрээн дэх задгай талбайн зад хямдралын өдөрлөгийн талаар иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.

Баянгол дүүргийн ахмад настан Л.Лхагвасүрэн: Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа учраас өнөөдрийн хямдрал зарласан өдөрлөгийг зорьж ирлээ. Барааг нийтэд дэлгэн, хямд зарж байгаа нь тэтгэврийн ахмадуудын хувьд сайн хэрэг болж байна л даа. Ер нь сүүлийн үед бүтээн байгуулалтын ажлыг үнэхээр сайн хийж байгаа нь мэдрэгдэж байгаа. Одоо ТҮЦ-үүдийг хүртэл эмхлээд аятайхан болгож байна. Хотын төвөөр явахад их сайхан болчихжээ. Цаашдаа зам, дэд бүтцээ анхаарах хэрэгтэй байх.

Хан-Уул дүүргийн иргэн П.Түмэнбаяр: Нийслэлийг хөгжүүлэх ажлыг хийж байна. Замын түгжрэл бүрэн шийдэгдээгүй ч энэ талаарх арга хэмжээ, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулж байгаа нь сайн л байна. Хамгийн гол нь хүмүүс хийсэн бүтээснээ эвддэгээ л больчихмоор юм. Нэг өдөр автобусны буудал барьдаг маргааш нь очоод цөм цохичих жишээний. Зам барьдаг, дараа нь дулааны шугам гээд л тэр хэсгээр нь дахин ухаж сэндийчих юм. Ийм байвал бүтээн байгуулалт хийгээд хэрэг байгаа ч юм уу. Иргэдийн санал авдаг утас ажиллуулж байгаа. Түүнийхээ дагуу хэрэгжүүлээд байвал гайгүй шүү дээ.

МУБИС-ийн оюутан Г.Ариунжаргал: Улаанбаатар хот маань хөгжиж байна. Хотын ойг тохиолдуулаад зохиож байгаа  хямдралын өдрөөр гэхэд том компаниуд бүтээгдэхүүнээ хямдруулаад зарах нь их таалагдлаа. Миний хувьд нэхий эдлэл сонирхсон. Сүүлд хотын захиргаанаас хогийн саванд их анхаарах болсон нь харагдсан. Гудамж, талбайд хогийн сав байрлуулах нь энэ хэрээр зөв дадлыг бий болгож байна. Барилга, байгууламж ч гэсэн гаднах өнгө үзэмжиндээ анхаараад сэргээн засварлаж байгаа шүү дээ. Залуу хүний хувьд нийслэлийн маань өнгө төрх бага ч болов сайжирч байгаа гэж бодож байна. Одоо бухимдалтай асуудал бол замын түгжрэл л байна.


ТҮК-ийн ажилтан Ж.Батцэнгэл:
Нийслэлийн тохижуулалтын ажилд гар бие оролцож ажилладгийн хувьд, бүтээн байгуулалт эрс сайжирсан гэж бодож байгаа. Ажил гүйцэтгэхэд доторх зохион байгуулалт ч сайжирсанд иргэдийн оролцоо, удирдлагууд сайн нөлөөлж байна.

Баянгол дүүргийн иргэн П.Сүхээ: Өнөөдрийн зад хямдралтай худалдаа нь шинэлэг, хэрэгтэй арга хэмжээ. Гэхдээ жилдээ нэг биш нэлээд хэдэн удаа зохиодог болмоор байна. Цаашдаа жилдээ сардаа нэг ч юм уу зохион байгуулж байвал сайн шүү дээ. Эсвэл баярын өмнөхөн ч юм уу. Нийслэлийн тохижуулалтын хувьд, зам талбай, цэцэрлэгжүүлэлтийг яасан сайхан болгож байна гээч. Хэн ч харсан зөндөө ажил хийж байна. Энэ өөрчлөлт иргэдийн оролцоогоос гадна хотын захиргааны бүтэц зохион байгуулалт, удирдлага сайнтай холбоотой байх. Урьд засаг, төр барьсан хүмүүс байсан. Тэд юу хийсэн? Юу ч хийгээгүй шүү дээ. Хойшдоо хог хаягдлыг боловсруулах тал дээр анхаарч, ажилламаар байна. Мөн том худалдааны төв, захыг хотоос гаргана гэдэгт санал нийлдэг хүн дээ би.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж