“Зад хямдарсан” өдөр

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Урамтай, урамшуулалтай, хэм­нэлттэй хямдрал” баярын худалдааг өчигдөр нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ нь Чингисийн талбай болон дүүргүүдийн зургаан байршилд өглөө 11.00 цагийн үед зэрэг нээлтээ хийсэн юм. Энэхүү арга хэмжээний талаар сурвалжиллаа. Чингисийн талбай дээр 11.30 цагт очиход бэлэн хувцас, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг 20 гаруй цагаан асарт хямдралтай үнээр худалдаалж байсан юм. Энэхүү хямдралтай худалдаан дээр мах махан бүтээгдэхүүн хамгийн их эрэлттэй байлаа. Тодруулбал “Мах маркет”, “Хүчит шонхор”, “Саян-Уул” гэсэн гурван компани мах махан бүтээгдэхүүний худалдаалсан юм. “Мах маркет” компанийн асрын гадна “Нөөцийн хонины мах килограмм нь 3700 төгрөг” гэсэн үнэ хадсан байлаа. Энэ асар үйлчлүүлэгч ихтэй байсан учраас иргэдэд дугаар тарааж үйлчилсэн байна. Мах худалдаж авахаар зогсож байсан иргэнээс энэхүү худалдааны талаар сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Баянгол дүүргийн иргэн Э.Чимэд: Мах авах гэж хоёр цаг зогслоо

Ийм арга хэмжээ зохиож байгаа нь их сайшаалтай юм. Гэхдээ зохион байгуулалт маш муу байна. Би мах авах гээд хоёр цаг гаруй дараалж зогслоо. Хүн ихтэй байгаа болохоор дугаар тараагаад байсан. Тэгээд тэр дугаараараа үйл­члэхгүй юм.

Тэрбээр ийн ярьсан юм. “Мах маркет”-ийн хажуугийн асарт “Саян-Уул” компани мах худалдаалж байсан бөгөөд гаднаа “Мах махан бүтээгдэхүүнээ 30 хувь хямдрууллаа” гэсэн бичиг хадсан байлаа. Энэхүү компани нь худалдаанд хонь, үхэр, ямаа, дайвар бүтээгдэхүүн, килограммын бууз, банш гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байгаа аж. Бууз, банш гэсэн бэлэн бүтээгдэхүүн нь худалдааны төвөөр энгийн өдрүүдэд нэг килограмм нь 6000 төгрөг гэдэг бол хямдралтай худалдаагаар нэг килограммыг нь 4000 төгрөгөөр худалдаалж байсан юм. “Хүчит шонхор” худалдааны төвийн асар хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд бүтээгдэхүүнээ 1000-1500 төгрөгөөр хямдруулсан байлаа.

Хүчит шонхор худалдааны төвийн олон нийттэй харилцах албаны Ш.Нямхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хямдралтай худалдааны үеэр бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-Хонины мах Хүчит “шонхор” зах дээр нэг килограмм нь 7000 төгрөгийн ханштай байгаа. Харин энэхүү хямдралтай худалдаагаар килограммыг нь 5400 төгрөгөөр худалдаалж байна. Бид нийслэлийн иргэддээ шинэ амин дэм, шинэ бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалах зорилготойгоор оролцож байгаагаараа онцлог юм. Манай бүтээгдэхүүн нөөцийнх биш өнөө өглөө бэлтгэсэн шинэ бүтээгдэхүүн байгаа.

-Өнөөдөр нийт хэчнээн тонн мах худалдаалахаар бэлтгэсэн бэ?

-Бид өглөө 20 хонь, таван бүтэн үхрийн махтай ирсэн. Цагийн дотор л дуусаж байна. Гэхдээ одоо нэмж авчирч байгаа хэмээн ярьсан юм. Энэхүү арга хэмжээний талаар иргэдийн сэтгэгдлийг нь сонссон юм.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Цолмонтуяа: Үнэндээ 30-50 хувиар биш 300-500 төгрөгөөр л хямдарсан байна

-Телевиз, радиогоор зарлахдаа 30-50 хямдарал зарлаж байна гээд байсан. Гэтэл яг бодит байдал дээр 300-500 төгрөгөөр л хямдарсан байна. “Алтантариа”-н гурил гэхэд л зүгээр л үйлдвэрийн үнээрээ борлуулж байна. Европын  орнуудад зад хямдралын өдрөөр үнэхээр бүх бараа 50-70 хувь хүртэл хямдардаг шүү дээ. Гэтэл манайхан хямдарсан гэж худлаа сенсацлаад байх юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Даваадорж: Мах олдохгүй байна

Энэ мэт худалдааг зохион байгуулж байгаа нь маш их таалагдаж байна. Гэхдээ жилдээ нэг биш сар бүр зохион байгуулж байвал зүгээр юм. Хүмүүс мах авах гэж л олон цаг дараалан зогсож байна. Би дүүргийнхээ худалдааны төвөөс мах авах гэсэн чинь дууссан гээд эндээс авах гэж ирлээ. Цаашид улам өргөжүүлэх хэрэгтэй.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж