ГССҮТ-ийн эмч нар жагсч байна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн эмч нар жагсч байна

ГССҮТ-д хуралдаж буй Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Шударга бусаар, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж, өнгөрсөн есдүгээр сараас эсэргүүцлийн арга хэмжээгээ эхлүүлсэн ГССҮТ-ийн эмч нар яг одоо сайдын зөвлөлийн хурал үргэлжилж буй танхимын гадна жагсч байна. Тус эмнэлгийн 30 эмч, сувилагч, ажилтан өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ажлаас халагдах өргөдлөө эмнэлгийн удирдлагад хүргүүлсэн бөгөөд аравдугаар сарын 30 буюу өнөөдрийн дотор ГССҮТ-ийн даргын томилгоог цуцлахгүй бол ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Эсэргүүцлийн жагсаалд халагдах өргөдөл өгсөн 30 эмч, ажилтнаас гадна Эрүүл мэндийн сайдын томилгоог эсэргүүцэж буй эмч, сувилагч гээд 50 орчим хүн оролцож байна. Тэд “ГССҮТ-ийн 50 гаруй жилийн түүхийг үгүй хийж байна”, “Хууль бус томилгоогоо нэн даруй цуцал” зэрэг лоозон барьжээ. Энэ үеэр ГССҮТ-ийн эмч нарын өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол “Өчигдөр ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр ажлаас халагдах өргөдөл өгсөн 19 эмч рүү утсаар холбогдож, ажлаас нь чөлөөлж буйг мэдэгдсэн. Энэ нь хууль бус үйлдэл” хэмээн тайлбар өглөө.

Хэдэн хормын өмнө Эрүүл мэндийн сайд Н.Удвал халагдах өргөдлөө өгсөн эмч нарын төлөөлөлтэй уулзаж, сайд нарын зөвлөлийн хуралд асуудлаа танилцуулсан байна. Зөвлөлийн хурал үргэлжилж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж