Н.Удвал сайдын шийдвэрийг дагана гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Н.Удвал сайдын шийдвэрийг дагана гэдгээ мэдэгдлээ

Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөр ГССҮТ-ийн даргын томил­гоог цуцлах шийдвэр гаргасан. Гэхдээ дараагийн шинэ даргыг ажлаа хүлээж авах хүртэл Ц.Энхбаяр түр орлох юм байна. Ц.Энхбаярыг ажлын хариуцлага алдаж хүн амь насаа алдах нөхцөлийг бий болгосон хэмээн үзэж ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан аж. Oдоогийн байдлаар эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Харин эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн хувьд хэд хоног алдсан хэмээн ярьж байлаа. Энэ талаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн Х.Болдхуягаас тодруулахад “Эмнэлэгт үүсээд байсан нөхцөл байдал өвчтөнүүдийн хувьд маш их хүндрэлтэй байсан. Би өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орох ёстой байсан. Гэтэл Д.Жаргалсайхан эмч халагдсан. Хагалгаа хийх боломж­гүй гэж байсан. Харин өнөөдөр Д.Жаргалсайхан эмчийн оронд н.Гантулга эмч хагалгаа хийхээр боллоо. Гэхдээ миний өмнө бас нэлээд хэдэн хагалгаа энэ шалтгаанаар хойшлогдсон. Тэр хүмүүсийн дараа орно гэхээр дахиад л долоо хонох юм шиг байна. Өвдөөд өдөр хоногийг өвчин намдаах эмээр давж байхад. Энэ мэт эмзэг асуудал дээр улс төржихөө болих хэрэгтэй” хэмээн ярьсан юм. Харин халагдсан нарийн мэргэжлийн найман эмчийг ажилд одоохондоо буцааж авах боломжгүй байгаа гэнэ. Тодруулбал Ц.Энхбаяр нь одоогоор тушаал гаргах эрхзүйн үндэс бүрдээгүй байгаа аж. Шинэ даргыг цаад тал нь 14 хоногийн дотор томилно гэдгийг салбарын сайд мэдэгдсэн байна. Энэ талаар ГССҮТ-ийн үйл­д­вэрчний эвлэлийн дарга Б.Бүр­гэд хэлэхдээ “Бидний хувьд сайд­ын зөвлөлийн шийдвэрийг ийм тийм гэж шүүмжлэх эрхгүй шүү дээ. Сайдынхаа шийдвэрийг дагана. Гэхдээ сайд эмнэлгийн удир­д­лага болон эмч нарын төл­өөлөлтэй уулзсаныхаа дараа Ц.Энх­­баяр­ын томилгоог цуц­лахаар болсон. Энэ нь магадгүй эмнэлгийн бодит нөхцөл байдлыг ойлгосон гэж бидний зүгээс харж байгаа. Цаад тал нь 14 хоногийн дотор шинэ даргын томилгооны асуудлыг шийдвэрлэнэ. Халагдсан найман эмчийн хувьд одоохондоо ажилдаа орох боломжгүй байгаа. Тод­руулбал Ц.Энхбаяр одоогоор ор­лог­чийн үүрэг гүйцэтгэж байгаа бө­гөөд тушаал гаргах эрхгүй бол­сон. Гэхдээ магадгүй шинэ дарга томилог­дохоор ажилдаа эргэж орох байх” гэв.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж