Төгсөгчдийн 50 хувийг ажилтай болгож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Төгсөгчдийн 50 хувийг ажилтай болгож чадах уу?

Юуны өмнө энэ өдрүүдэд оюутны “70 мянга”-ын хувь заяаг шийдэх хуралдаан чуулганы хэлэлцүүлэгт явж буйг онцлоё. Уг хуулийн албан ёсны нэр нь “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”.

Өчигдөр гэхэд /XI.08/ чуулганы хуралдаанаар уг хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх нэг үе шат явсан бөгөөд “Боловсролын үндэсний тэтгэлгийг суралцагчийн суралцаж буй сургууль аттестатчлагдсан, төгсөгчдийн 50-аас доошгүй хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх, суралцагчдын сурлагын амжилт зэргийг харгалзан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн олгох” гэсэн өөрчлөлтийг төсөлд тусгах саналыг зарчмын хувьд дэмжсэн юм. Гэхдээ зарим зүйл нь гишүүдийн хувьд маргаантай байсан тул төгсөгчдийн 50 хувь нь ажлын байраар хангагдсан байх гэсэн тоон үзүүлэлтийг эргэн хэлэлцэхээр болсон гэдгийг ч хэлэх ёстой.

Үндэсний тэтгэлэг авах эсэх шалгуур нь төгсөгчдийн 50 хувийг ажлын байртай болгож чаддаг эсэхээс хамаарна гэсэн үг. УИХ-ын гишүүдийн зарим нь “Төгсөгчдийнх нь 50 хувь ч ажлын байртай болж чаддаггүй сургууль байх шаардлага байгаа юм уу” гэх үүднээс хязгаарлалтыг дэмжиж байгаа. Үүнийг эсэргүүцэж буй гишүүдээс “Жилд 80 мянган ажлын байр бий болдог гэсэн судалгаа бий. Үүнээс 17 мянга нь дээд боловсролтой хүмүүст таарах ажлын байр байдаг. Гэтэл жилд 35 мянга орчим оюутан төгсөж байна. Өөрөөр хэлбэл, 50 хувийн шалгуур тавих нь статистик дүн мэдээ худал гарна гэсэн үг” хэмээн эсэргүүцэж байна. 

Үнэхээр зах зээлд буй ажлын байрны тоотой нь харьцуулбал төгсөгчдийн тоо аргагүй л давж  гараад байгаа нөхцөлд төгсөгчдийн 50 хувь нь ажлын байртай болно гэх ойлголт үгүй аж. Өөрөөр хэлбэл, энэ тоо их, дээд боловсролтой ажиллах хүчний нийлүүлэлт нь илүүдэлтэй байгаа гэдгийг ч харуулж буй юм. 

Мөн олон улсын практикт ерөнхий боловсрол эзэмшсэн хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг бол Монголд 70-80 хувь нь их, дээд сургуульд суралцдаг урвуу жишиг тогтчихоод байгааг тэтгэлгээр дамжуулан өөрчлөх шаардлагатай гэх зарчмыг ч буруутгах аргагүй.
Масс буюу олон нийтийн хувьд энэхүү оюутны тэтгэлгийг шүүмжлэх хандлага давамгайлж буй бөгөөд жил бүр 100 гаруй тэрбумыг тараах биш өөр байдлаар, бодит хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж байгаа. Иймдээ ч энэ өдрүүдэд хэлэлцэгдэж буй төсөл ч танах талруугаа явж буй юм.

Харин чуулганы танхимд “шаардлагыг нь давахгүй, хязгаарлуулах” гээд буй хувийн их, дээд сургуулийн ашиг сонирхлыг хамгаалагчид цөөнгүй, их, дээд сургуультай холбогдох улс олон байгаа шүү гэх “дохио”-г сургуульгүй гишүүдээс хэлсэн юм.

Үүнтэй нь холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд “Ашиг сонирхлын хуулиар “хувьдаа сургуультай, тэрийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн хүмүүс санал хураалтад оролцохгүй” гэдгийг ч анхааруулсан. Гэвч өнөөдрийн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал Технологийн дээд сургуультай гэсэн М.Энхболд,  “Шихихутаг” хууль зүйн дээд сургуультай Д.Лүндээжанцан нараас өөр тодорхой ил зүйл алга. Өөрөөр хэлбэл, ганц хоёр гишүүн л Сонирхлын зөрчлийн хуулийн дагуу санал хураалтад оролцохгүй нь. Гэхдээ л  Д.Арвин гишүүний хэлсэн шиг тал нь их сургуультай биш юм аа гэхэд, их сургуультай холбогддог гишүүд нь танхимынхаа нөхдийн талд нөлөөлж чадахуйц гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Технологийн дээд сургуулийн хувь эзэмшигч М.Энхболд,  “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн захирал эхнэртэй Д.Лүндээжанцан нараас гадна албан ёсоор удирдлагад байхгүй ч ард нь нэр холбогддог “Аварга” дээд сургуулийн Б.Бат-Эрдэнэ, “Монос” дээд сургуулийн Л.Эрдэнэчимэг гээд бас бус нэрс бий. Мөн улсын сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагатай өөрөө ч, өрөөл бусдаар нэр холбогддог хүмүүс гэвэл Р.Амаржаргал, С.Ламбаа нар. Р.Амаржаргал гишүүн Санхүү эдийн засгийн сургуульд, С.Ламбаа ЭМШУИС-д зөвлөх гэхчлэн энэ нэрс цааш үргэлжилнэ.

Ямартаа ч Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг олон нийтийн өмнө болж буй учир эрхэм гишүүд ил сонирхлын зөрчлөөр асуудалд хандахгүй гэж найдъя.  Гэхдээ 70-ыг хэрхэн танах, суралцагчдын сурлагын амжилтаар,  тэтгэлэг авах ёстойд нь өгч чадах зөв шийдэл гаргахыг л хүлээж байгаа шүү, хүмүүс.

Э.Энх 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж