Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэж хичээсний үр дүн гарч байна

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэж хичээсний үр дүн гарч байна

Нийслэлийн багш нар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи” сургалтад хамрагдаж байна. Тухайлбал БГД-ийн 77-р сургууль дээр түүх нийгмийн багш нарын сургалт үргэлжилж байна. Тус сургалтын үеэр зарим багш нартай уулзахад Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж байна гэдгийг хэлж байлаа.  

51 дүгээр дунд сургуулийн түүх нийгмийн багш Н.Отгончимэг


-БШУЯ-аас Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилго тавьж  ажиллаад нэг жилийг үдэж  байна. Энэ хугацаанд танай сургууль дээр ямар өөрчлөлт гарав. Үнэхээр хүүхэд нэг бүр хөгжиж чадаж байна уу?

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажил сургууль бүр дээр явагдаж байна.  Хичээлийн 40 минутад  хүүхэд бүртээ тулж ажиллах амаргүй ч гэлээ хичээлийн бус цагаар давтлага өгөх журмаар хүүхдээ хөгжүүлэх дээр хичээж  байна. Ямартай ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрчлөлт гарсан. Хамгийн гол нь хүүхэд нэг бүрийг  хөгжүүлэхэд хүүхдийн өөрийнх нь сурах гэсэн эрмэлзэл чухал  байна. Орчин цагийн энэ хурдтай техник  технологи, замбараагүй мэдээ мэлээлэл хүүхэд сурахад сөргөөр  нөлөөлөх боллоо. Нэг жишээ хэлэхэд, хүүхэд бүр үнэтэй сүүлийн үеийн гар утастай болсон нь багшийн өгсөн хичээл, даалгаврыг уншиж, бичиж авахгүйгээр шууд зургийг нь дараад тэндээсээ уншиж байгаа нь  эргээд нүдний хараа муудах цаашлаад утас шагайсаар байгаад стресст орох байдал ажиглагдаж байна.

-Энэ байдлыг өөрчлөхөд эцэг, эхийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Хүүхэд нь хөгжиж хичээлдээ ахиц гарч байгааг эцэг, эх нь хэр мэдэрч байна вэ?

-Улиралд нэг удаа эцэг, эхийн хурал хийж  хүүхдийг үнэлэх үнэлгээ өөрчлөгдөж байгаа. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд сурагч-багш-эцэг, эхийн гурвалсан холбоо байж хүүхэд үр дүнтэй цаашаа сурч чадна гэдгийг байнга хэлж байгаа. Үүний үр дүнд эцэг, эх хүүхдэдээ анхаарал тавих, хүүхдийнхээ тухай мэдээлэл авах гэж асуудаг болж байна. Энэ мэт өөрчлөлт бол гарч байна.

-Өнөөдрийн сургалтаар та бүхэн шинэ содон юу сурч мэдэж байна?

-Өнөөдрийн сургалт нэлээд онцлог болж байна. Өмнөх сургалтууд хүүхэд нэг бүртээ тулж ажилла, өөрсдийг нь оролцуул гэсэн утгатай лекц орж тэндээс нь бид шинэ  гэсэн мэдээллээ тэмдэглэж авах маягтай явдаг байсан. Энэ сургалт дээр сурах гэдэг  бол зөвхөн  мэдээлэл олж авах биш. Сурах гэж буй  тухайн зүйлийн талаар мэдээлэл аваад хамгийн хялбар арга аргачлалаар тэр зүйлээ судлахыг хэлээд байна.

Эндээс сургах, судлах, саад бэрхшээл гэж юу болох  талаар ойлголт өгч байна. Энгийн аргачлалтай  ном уншиж, дасгал хийж байгаа нь үр өгөөжтэй болж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж