Ч.Дэлгэрцэцэг: Олны танил байх нь амны хишигтэйнх

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Ч.Дэлгэрцэцэг: Олны танил байх нь амны хишигтэйнх

Хийлийн уран, яруу аялгуугаар ард түмнийхээ сэтгэлийг уярааж байдаг хийлч Ч.Дэлгэрцэцэгийг энэ удаагийн зочноороо урилаа. Тэрбээр сонгодог урлагийг олон нийтэд илүү ойрхон болгож, өөрийн эрхэмсэг, донжтой дүр төрхийг хэдийнэ бий болгож чадсан юм.


-“Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин болоод удаагүй байна. Уран бүтээлч хүн бие даан ажиллах, ямар нэгэн байгууллагад харьяа­лагдах хоёрын ялгаа юу байдаг вэ?

-Би өмнө нь ямар нэгэн байгууллагад харьяалагдаж бай­гаагүй бие даасан уран бүтээлч байсан. “Улаанбаатар” чуулгын захирлаар рок Р.Мөнхсайхан ах томилогдоод удаагүй байгаа. Тиймээс чуулгын өнгө аясыг жаахан өөрчилж, залуучууд руу чиглэсэн уран бүтээл туурвиж эхэлсэн. Р.Мөнхсайхан ах надад манай чуулгын гоцлол хөгжимчин болооч гэсэн санал тавьсан юм. “Улаанбаатар” чуулга бол хотын соёлыг илэрхийлж, тодорхой хэмжээгээр хотын нүүр царай болж байдаг байгууллага учраас маш их үүрэг хариуцлагатай алба гэж бодож байгаа. Би Улаанбаатар хотын унаган иргэний хувьд хотынхоо соёлын төвд ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Мөн чуулгын чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллах болсондоо баяртай байгаа. Бие даасан уран бүтээлч байхад өөрөө өөртөө дарга байж, дуртай үедээ ажлаа хийж, дуртай үедээ амардаг байсан. Харин одоо өөрөөсөө гадна маш олон хүнтэй ажиллах учраас илүү их үүрэг хариуцлага оногдлоо гэж бодож байна.

-Энэ сарын сүүлчээр зургаа дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна даа?

-Би чуулгад орохоос өмнө тоглолтынхоо бэлтгэл ажилд орчихсон байсан. Арваннэгдүгээр сарын 30-нд болох тоглолтод маань “Улаанбаатар” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ орол­­цоно. Дараа нь бид арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Иркутск хотод очиж тоглоно. Энэ тоглолтоороо хийлч Ч.Дэлгэрцэцэг “Улаанбаатар” чуулгын хөгжимчин болсныг зарлах юм. Нөгөө талаар энэ хамт олонтой гадагшаа явж тоглох анхны тоглолт байх болно.

-Тоглолтдоо нэр бодож амжив уу?

Тоглолтынхоо нэрийг хараа­хан өгч амжаагүй байна. Би “Гайхмаараа” цомогтоо орсон “Улаанбаатарын үдэш” дуугаа транс хэлбэрээр тоглоно. Энэ дууг Улаанбаатарчууд үеийн үед дуулсаар ирсэн. Уг дуу маань хэдийд ч дуулахад тохиромжтой сайхан дуу шүү. Анх маш намуухан дуу байсан. Учир нь тэр үед нийслэл хот маань ийм олон хүн ам, байшин барилга, машингүй байсан. Харин одоо гэрэл, дуу чимээ, гял цал хот болсон. Тиймээс би ч гэсэн дуугаа цоглог, эрч хүчтэй болгож хувирган тоглох цаг болсон гэж бодож байна. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр тоглолтоо энэ дууныхаа нэрээр нэрлэж магадгүй.

Бидний бусдаас ялгарах хамгийн чухал зүйл Монгол хэв маяг. Монгол урлагаа орчин үеийн стильтэй хольж тоглохыг этник гэж нэрлээд байгаа юм. Тиймээс миний тоглолт этник хэлбэрээр эхэлнэ. Дунд хэсэгтээ транс, танго, сонгодгийг номеруудыг оролцуулна. Хийлээр бүх төрлийн дуу, аялгууг тоглож болно. Энэ нь хийл хөгжмийн давуу тал.

-Бүх төрлийн урсгал, хэв маягийг багтаасан тоглолт болох юм байна?

-Уран бүтээлдээ миний барим­талдаг гол зарчим энэ. Би хүмүүсийн ойлгохгүй, мэдэхгүй хөгжмийг өөрөө өөртөө тоглоод байх нь утгагүй. Урлаг ард түмэнд хүрч, тэднийг уярааж, хөглөж, тэдэнд үйлчлэх үүрэгтэй. Нэг талаараа урлаг бүхнээс нэг алхмын өмнө байх ёстой. Тиймээс би энэ сайхан хөгжмөөрөө сонгодог, орчин үеийн бүтээлийг ч соносгчдодоо хүргэхийг хүсдэг.

-Хоёулаа уран бүтээлийн талаарх ярианаас түр хөн­дийрч, таны хувийн амьд­ралыг сонирхож болох уу. Та яагаад монгол эрийг амьд­ралынхаа ханиар сонгодоггүй юм бэ?

-Энэ миний хувь тавилан байх. Түүнээс би монгол эрчүүд ийм, тийм гэж боддог учраас хань, нөхрөөрөө сонгохгүй байгаа юм биш. Ер нь монгол, орос нь хамаагүй нэг хүнээс яагаад чи энэ хүнийг сонгоод ханилсан юм бэ? гэж асуухад хүн болгон тэр бүр хариулж чадахгүй. Би тоглолтоор олон оронд очиж монголчуудтайгаа уулзаж байсан. Тэндээс маш олон монгол хүн гадны хүнтэй гэр бүл болчихсон байдгийг хардаг. Гэтэл би л ганцаараа гадны хүнтэй суучихсан юм шиг намайг л яриад байдгийг ойлгодоггүй. Энэ бол хүний зураг төөрөг. Тэгээд ч хүмүүст миний урлаг, хийл хөгжим л хамаатай болохоос би бусадтай л адилхан эзэгтэй, ээж хүн шүү дээ.

-Олны танил байх нь заримдаа хэцүү санагддаг уу?

-Хүмүүсийн таньдаг хүн байна гэдэг сайхан. Үүнийг амны хишигтэйнх гэж боддог. Хүн болгон чаддаггүй л байхгүй юу. Стресс, дарамт байдаг ч гэсэн би эерэгээр хүлээж авахыг хичээдэг. Ер нь ямар ч  юм хоёр талтай байдаг. Саарыг нь дагуулж чадахгүй бол сайныг нь ч авч чадахгүй гэдэг. Тиймээс аль алийг нь л дааж явах ёстой гэж боддог.

-Таны хийсэн сонголт зөв гэж бодож байна уу?

-Би зөв хүн сонгосон гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол өнөөдрөөрөө амьдрах. Мэдээж ирээдүйнхээ тухай бодож, харалгүй л яах вэ. Гэхдээ өнөөдөртөө сэтгэл хангалуун байж, түүнээсээ аз жаргал, таашаалыг мэдэрч амьдрах дуртай. Саяхан миний хайртай ах хорвоогийн мөнх бусыг үзсэн. Хүний ойр дотны хүн яваад өгөхөөр амьдралын утга учрын талаар илүү их боддог, мэдэрдэг болдог юм байна. Хүн явахаа хүрвэл маш амархан юм байна билээ.  Хүмүүс үхэхгүй амьдарсаар л байх юм шиг сэтгэхүйтэй байдаг. Гэтэл богинохон олдсон энэ амьдралын өдөр бүрийг өөрийнхөө дураар өнгөрүүлэх хэрэгтэйг ойлгосон. Миний хань ч надад өөрийнхөөрөө амьдрах боломжийг бүрдүүлж өгдөг.  Бусад гэрийн эзэгтэй шиг өдрийн дийлэнх хугацааг цагаа гал тогооны өрөөнд өнгөрүүлэх шаардлагагүй. Ер нь энэ бол миний л амьдрал. Би л аз жаргалтай амьдарч чадаж байвал болоо.

-Хүү тань хэдэн настай вэ. Монголоор ярьдаг уу?

-Миний хүү таван настай. Монголоор муу, голдуу англиар ярьдаг. Монгол хэлийг их хэцүү гээд байдаг юм. Жаахан томрохоор нь монгол хэл сайн заалгана даа.

-Та хэр үндсэрхэг үзэлтэй хүн бэ?

-Үндсэрхэг үзэлтэй байлгүй яах вэ. Гэхдээ энэ үзэл яг ямар үед гардаг вэ гэдэг нь чухал. Миний хувьд гадныханд дорд үзэгдэхгүй, шараа болохгүй юмсан гэж боддог. Монголчууд хэнээс ч дутахааргүй гэдгийг харуулахыг хүсдэг. Энэ дээр л миний үндсэрхэг үзэл гардаг. Нөгөө талаар нийгэм өөрөө глобалчлагдсан. Бүх л орны ард түмэн, соёл иргэншилтэй зайлшгүй холбогдож, хамтран ажиллаж байж улс орон хөгждөг болсон. Ийм цаг үед бид Монгол, би л ингэж хийдэг гээд зүтгээд байж болохгүй. Залуучууд гадны улс оронд очиж боловсрол эзэмшиж, нүдээ нээх хэрэгтэй. Ингэж байж бид илүү сайхан Монголыг хамтдаа бүтээж чадна.

-Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн бүхний хамгийн жаргалтай цаг үе ээж болох. Уран зохиолын төсөөллөөр бол олон хүүхэдтэй болохыг боддог. Гэхдээ яг амьдрал дээр хоёр замын алийг нь сонгох вэ гэж дандаа эргэлздэг. Нэг талаар би охинтой болох ёстой гэх. Тодруулбал, ээжийгээ харахад л ээж минь надтай байхдаа хэчнээн их аз жаргалтай байдаг билээ. Тиймээс ээжийнхээ насан дээр ирэхэд надад охин хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Нөгөө утгаараа хүүхэд төрүүлээд  өөрт олдож байгаа маш богинохон хугацааг бусдын төлөө зориулна гэдэг харамсалтай. Үүнийг хүн ямар өнцгөөс ойлгоно тухайн хүний л хэрэг. Гэхдээ би ч гэсэн амьдармаар, жаргамаар л байна шүү дээ. Хүүхэд бол маш том хариуцлага. Мэдээж би охинтой болохыг маш их мөрөөддөг. Цаг нь ирэхээр бурхан надад тэр сайхан бэлгээ өгөх байлгүй дээ.

-10 жилийн дараах Дээгийг ямар байна гэж төсөөлж байна?

-Тодорхой хэмжээгээр урлаг­тайгаа л байна. Өөрийнхөө хөгжмийн сургуулийг нээхийг хүсдэг. Энэ цаг хугацаа өнгөрөхөд хүслээ ажил болгочихсон байх. Үнэнийг хэлэхэд одоогийн өөрийнхөө үеийг, ялангуяа хувь уран бүтээлчийн хувьд хүнд хэцүү цаг үе гэж боддог. Тэртээ тэргүй урлагийг ойлгочихдог нийгэмд төрсөн бол сайхан байж дээ гэж бодох үе байдаг. Уран бүтээлчид зүтгээд л байдаг гэхдээ сонсогчид нийтээрээ түүнийг хүлээж авдаг цаг үе биш. Нөгөө талаар ард түмний амьдрал хүнд хэцүү байгаа. Ийм үед би “тасарчихсан” тэнгэрийн урлаг яриад явбал бас хэцүү. Яагаад энэ бүхнийг ярьж байна вэ гэхээр арван жилийн дараа яг миний хүссэн тэр цаг үе, урлагийг таашаадаг, сонирхож чадах, чадвартай тэр нийгмийн хүрээ асар ихээр нэмэгдсэн байх болов уу. Ер нь урлагт “хайртай” хүнийг олон төрүүлэх хэрэгтэй. Хүн болгон урлагийн хүн байх албагүй гэхдээ түүнийг мэдэрдэг, ойлгодог болсноор нийгэм өөрөө соёлжино. Дээр үед нийтээр нь соёлын арга хэмжээ явуулдаг байсан нь нэг талаар зөв зүйтэй ажил байсан юм шиг санагддаг. Гэтэл одоо нэг их хотын соёл ярьсан хөдөөнийхөн л байна шүү дээ.

-Тэгвэл таныхаар хотын соёл гэж юуг хэлэх вэ?

-Хүн ерөөсөө ганцаараа амьдраагүй. Маш олон хүний дунд амьдарч байгаа бичил хэсэг нь. Тийм учраас тэр хүмүүсийг бүгдийг нь хүндэлж, нэг ч хүнд саад болохгүй амьдрах үүрэгтэй. Хөдөө цөөхүүлээ амьдраад сурчихсан хүн чинь хэнийг ч хүндлэхээ мэдэхгүй болчихдог юм шиг байгаа юм. Минийхээр бол бусадтай зохицож амьдрахыг л хотын соёл гэнэ. Эрх чөлөө бусдынхаар хязгаарлагддаг гэдэг шиг.

-Одоо цагт урлаг ойлгодог цөөн гэж зарим хүн ярьдаг. Та 2006 онд анхны тоглолтоо хийж байсан. Энэ үед хийлч бүсгүйн тоглолтыг хүмүүс хэр үзэж байсан бэ?

-Анхны тоглолт маань одоо бодоход үнэхээр гоё болж байсан. Яг ямар чиглэлээр тоглохоо мэдэхгүй жаахан охин байсан ч би маш их зүйл сурсан. Гэхдээ л тухайн үед би бүх урсгалын бүтээлийг тоглолтдоо оруулж чадсан байсан. Би 2006 оны тавдугаар сарын 18-ны пүрэв гаригт тоглож байсан. Долоо хоногийн өмнөөс тасалбар зарагдаад эхэлсэн юм. Гэтэл мягмар гариг хүртэл тасалбарын 50 хувь нь л зарагдсан байсан. Энэ үед би өөрөөсөө асууж байлаа. Тоглолт хийнэ гэдэг дурын асуудал биш, хэрвээ миний тасалбарыг хүн авахгүй юм бол би ингэж их хөдөлмөрлөх хэрэг байна уу гэж. Гэтэл тоглолтын өмнөх өдөр бүх тасалбар зарагдаад дуучихсан байсан. Үүнээс хойш олон ч тоглолтын ард гарлаа. Гэхдээ тоглолт бүрийг хүссэн хэмжээнд хүн үзнэ гэж байдаггүй. Тэр хэмжээний тоглолт манайд хэчнээн тавигддаг билээ.

Л.ОДОНЧИМЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж