Оюу толгойн асуудлыг долоо хоног хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Оюу толгойн асуудлыг долоо хоног хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үдээс өмнөх хуралдаанаараа Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч долоо хоногоор хойшлуулав. Засгийн газраас дээрх асуудлыг хойшлуулж өгөх саналыг гаргасан юм байна. Учир нь Оюутолгойн гэрээтэй холбоотой Техник эдийн засгийн үндэслэлд заасан зарим заалттай холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлт эцэслэн гараагүй нь хойшлуулах шалтгаан болжээ.

Мөн тус байнгын хороогоор Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус бүр хийхээр төлөвлөсөн байсан ч хойшлуулав. Гэхдээ эдгээр асуудлыг үдээс хойш хуралдан, хэлэлцэж магадгүй юм байна.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж