Ан Сан Су Чи: Монголын анхны төлөөлөгчид боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи: Монголын анхны төлөөлөгчид боллоо

Ан Сан Су Чи: Та бүхэн Мьянмарт 730 жилийн дараа хөл тавьсан Монголын анхны төлөөлөгчид

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 19-нд МХБНУ-ын парламентын Байнгын хороонд дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтад Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний холбоо намын тэргүүн,  Ан Сан Су Чи болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Та бүхэнтэй уулзахдаа сэтгэл хангалуун байна. Монгол-Мьянмарын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш би анх удаа төрийн тэргүүний хувьд айлчлал хийж байгаадаа баяртай байна. Бидэнд бусдад зааж сургах биш хуваалцах зүйл их байдаг. Та бүхнийг Монгол Улсад айлчлан ирж, ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн Монголыг өөрийн нүдээр очиж харахыг урьж байна.

Манай хоёр улсын харилцаа улам бүр цэцэглэн хөгжиж байгааг харахад бид баяртай байна. Өчигдөр дипломат болон албан паспорттой иргэдийг хоёр улсын хооронд зорчиход нь визээс хөнгөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн уул уурхайн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна. Монголын уул уурхайн хөгжлийн зам дардан биш ч нээлттэй улс орон учраас бүх зүйл сайхан болно гэдэгт бид итгэлтэй байдаг. Монгол Улсад зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй бүх зүйл олон нийтэд нээлттэй учраас иргэн бүрт санал шүүмжлэлээ хэлж, оролцох эрх байдаг.

Ан Сан Су Чи хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та манай улсад айлчилж байгаад бид баяртай байна. Та бүхэн Мьянмарын нутагт 730 жилийн дараа хөл тавьсан Монголын анхны төлөөлөгчид боллоо. Мьянмарын ард түмэн монголчуудтай түүхэн холбоотой ба монголчуудын нэгэн адил хөх толботой төрдгөөрөө бахардаг. Иймдээ ч бид Таныг халуун дотноор угтаж, элэг нэгтэй ахан дүүсийн хувиар зочилж байгаадаа баяртай байна.

Бид ахан дүүсийн хэлхээ холбоотойгоос гадна түүхэндээ адилхан бэрхшээл саадыг даван туулжээ. Монгол Улс ардчилсан шилжилт гээд олон сорилтыг даван туулсан бол Мьянмарын иргэд мөн эрх чөлөөгөө он удаан жилийн турш хасуулж байсан. Бид одоо ард түмнэндээ итгэл найдварыг нь дахин авчирахын төлөө зүтгэж байна. Боломж биднийг хүлээхгүй, бид боломжийг өөрсдөө бий болгох ёстой. Өөртөө итгэх итгэл, найдвараа алдаад байсан ард түмэндээ дахин найдлага төрүүлэх нь бидний хэтийн зорилго юм. Биднийг энэхүү зорилгоо биелүүлэхэд та бүхэн тусалж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Гурван жилийн дараа миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Тэгэхэд би энд эргэж ирнэ гэж бодож байгаа. Мьянмарын ард түмэн, Ан Сан Су Чи та бүхэнтэй эргэж тухтай уулзана. Ингэж уулзахын өмнө та бүгдийг Монголд айлчлахыг хүсч байна.

Бид эх орондоо нэг ч хүний хамраас цус гаргалгүй, нэг ч цонх хагалалгүй ардчиллыг авчирсан. Энэ өөрчлөлтийг хийхэд Үндсэн хууль, сонгуулийн хууль зэргийг өөрчлөх арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн санал хураах машиныг нэвтрүүлснээр шударга сонгууль явуулах боломж бий болгосон.

Ардчиллын шилжилтийг эдийн засгийн, улс төрийн гэх мэт шат дараалалтай гүйцэтгэх ёстой гэсэн ойлголтыг бид эвдсэн. Ялангуяа Азийн орнуудад ардчиллын шилжилтийг зөвхөн шат дараалалтай хийх боломжтой гэж үздэг байсан. Гэтэл монголчууд бид үүнийг нэг далайлтаар хийж, олон намын тогтолцоо, зах зээлийн системийг нэгэн зэрэг бий болгож чадсандаа бахархдаг” хэмээв.


Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж